УДБЭТ "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар 2019 оны нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-01-12 13:48:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/-ын уран бүтээлчид 2019 оны эхний тоглолтоо Л.Делиб "Цэнхэр нүдэн бүсгүй" балетаар энэ үдэш /01.12/ эхлүүлнэ.


Гурван бүлэг, таван үзэгдэлт уг балетыг манай театрын тайзнаа анх тавьж байсны түүхт 53 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн бүтээл “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 1870 оны тавдугаар сарын 25-нд Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаагаа тоглож байжээ.


Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй. Тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажилласан байна. “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдаг гэдгээрээ онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм.


Энэ удаагийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын хөгжмийг УДБЭТ-ын удирдаач УГЗ Н.Туулайхүү удирдан тоглуулж, УДБЭТ-ын залуу балетын гоцлоочид амилуулахаар болжээ. “Алтангадас” одонт УДБЭТ-ын хамт олон 2019 ондоо сонгодог урлагийн үзэгч түмэндээ зориулан хоёр ч шинэ уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа юм.

Холбоотой мэдээ