“1000 даалингийн баяр” үзэсгэлэн худалдаа боллоо

ФОТО МЭДЭЭ
mishigsuren@montsame.mn
2019-01-16 14:02:43

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “1000 даалингийн баяр” үзэсгэлэн худалдаа боллоо.

Энэ сарын 15-ны өдөр эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа нь 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд 300 гаруй уран хатгамалчдын 1500 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

2019 оныг Өмнөговь аймаг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарласан мөн салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаад байгаа билээ. Үүний хүрээнд энэхүү "1000 даалингийн баяр" арга хэмжээг аймаг орон нутгаас дэмжин санаачлагч нартай хамтран зохион байгуулжээ. 

"1000 даалингийн баярт" оролцогчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн баярт Өмнөговь аймгийн 11 сум, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг таван аймаг  Улаанбаатар хотоос оролцож байна. Уг үзэсгэлэнд  оролцогчид, сонирхогч иргэдэд ХЖТ-ын уран бүтээлчид ая дуугаа өргөж, "Дэлгэрэх ухаан" ТББ, "Мишээл төв"-ийн урчуудын үзүүлбэр, монгол үндэсний хувцасны хувьслын загварын үзүүлбэрийг  толилуулсан юм. Энэ үеэр  23 уран хатгамалч Монгол Улсын мастер оёдолчин цолоор шагнууллаа. 

Өмнөговь аймгийнхаа бүсгүйчүүдэд дөрөв дэх жилдээ "Үнэтэй даалингийн үнэгүй сургалт"-ыг зохион байгуулж буй Ц.Цэцэгдэлгэр нь дээрх арга хэмжээг санаачилсан бөгөөд сургалт явуулах хугацаандаа 1700 гаруй бүсгүйчүүдэд зүү ороох урлагийг зааж, монголын соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж яваа аж. Тэрээр Өмнөговь аймгийн уран хатгамалчдын 1008 ширхэг даалинг нэгэн дор нэг зэрэг урлан Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна.

 Гэрэл зургийг Д.Мишигсүрэн