Кисэносато дахин унасан бол Хакүхо гайхалтай мэдрэмжтэй барилдаж давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-01-14 20:56:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё буюу нэгдүгээр сарын барилдааны хоёр дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиозантай барилдахдаа гайхалтай мэдрэмжтэй, хурдтай бөх гэдгээ харуулж давлаа.


Тэрбээр дэвжээний захад шахагдсан ч огцом эргэлт хийснээр Точиозан түлхэлтийн хүчиндээ автан дэвжээнээс гарснаар Их аваргын талд ялалт ирсэн юм. Хацү башёд энэ цагийн гурван Их аварга гурвуулаа хүч үзэж байгаа. Япон Их аварга Кисеносато өнөөдөр Ичиножёо А.Ичинноровт унаснаар, дараалсан хоёр унаатай болж зодог тайлах эрсдэл нь улам лавширлаа.


Мөн энэ өдрийн барилдаанд 72 дахь Их аварга Какүрюү М.Ананд Комүсүби Митакүэмид уналаа. Энэ өдөр Озэки Гойэдо Хокүтофүжид, Озэки Точиношин Нишигикид унаснаар тус тус хоёр унаатай болов. Харин Озэки Такаясү Мёогирюүтэй эн тэнцүүхэн тун ширүүхэн барилдсаны эцэст түүнийг давлаа. Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил Шодайг давснаар 2 даваатай болов. Мөн Ичиножёо А.Ичинноров эхний хоёр өдөр Такаясү, Их аварга Кисэносато нарыг давсан бол Митакүэми Кисеносато болон Какүрюү гэсэн хоёр Их аваргыг даваад байна. Харин манай бөх Маэгашира Чиёошома Д.Мөнхсайхан өнөөдөр Дайшёомарүгаар эхний даваагаа авсан юм.

Холбоотой мэдээ