Дизайнер М.Улаанхүүгийн бүтээл шилдэг логогоор шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-15 22:22:47

Завхан/МОНЦАМЭ/.МҮХАҮТ-ын Завхан аймаг дахь салбараас зарласан "Завханд үйлдвэрлэв" логоны уралдааны дүн гарчээ. Уралдаанд Улаанбаатар хот, Завхан аймгаас 17 оролцогч 53 бүтээл ирүүлжээ. 

Оролцогчид удирдамжийн дагуу Завхан аймагт үйлдвэрлэгдсэн утга санааг агуулсан, энгийн ойлгомжтой өгүүлэмжтэй зургаагаас олонгүй элементийг агуулсан, гурваас олонгүй өнгө хосолсон цогц утга агуулгатай бүтээлүүдийг уралдаанд ирүүлжээ. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс хоёр бүтээл эхний шатанд тэнцэж, дахин сайжруулалт хийлгэсний дараа шилдэг нэг логог шалгаруулаад байна. Ийнхүү “Завханд үйлдвэрлэв” логоны уралдаанд Улаанбаатар хотоос оролцогч график дизайнер М.Улаанхүүгийн бүтээл шалгарч Батламж, нэг сая төгрөгийн шагнал хүртжээ. Тэрээр бүтээлдээ үйлдвэрлэлийг “араа”-аар, Завхан нэрийн “ZA”, үр шим өсөн дэвжихийг “тариан түрүү”-гээр, хязгааргүй үргэлжлэлийг усны долгио бүхий зураасаар бэлгэдэж бүтээлээ хийжээ. Мөн ”бизнесийн тэр дундаа баялаг бүтээж үйлдвэрлэл явуулж буй иргэн, байгууллага бүр ашиг орлого, өсөн дэвжихийг хүсдэг. Тиймээс тасралтгүй, зогсолтгүй үйл ажиллагаа, жигд, тогтвортой үйлдвэрлэлийг бэлгэдэж бүтээлээ урласан. Миний бүтээсэн лого нь Завханд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн нэр, өнгө төрхийг илтгэх болно гэдэгт итгэж байна. Миний хувьд 2016 онд ШУТИС-ийн компьютер дизайны ангийг төгссөнөөс хойш таван компанийн лого хийж өгч байсан туршлага бий. Энэ уралдаан цаг үеэ олсон, мөн оюуны бүтээлийг үнэлсэн, залуучуудад урам өгсөн уралдаан боллоо” хэмээв. Тэргүүн байрын шагнал болон хоёрдугаар байрт шалгарсан бүтээлийн эзэн болох Нутгийн Үйлс компанийн эх бэлтгэгч Ж.Пэрэнлэйсамбуугийн бүтээлд батламж, мөнгөн шагналыг МҮХАҮТ-ын Завхан салбар танхимын дарга Г.Бадамхатан гардуулж өглөө. 

"Уралдаанд бүтээлээ ирүүлсэн оролцогчид нь бүтээлдээ Завхан аймагт үйлдвэрлэгдсэн утга санааг агуулсан, график дизайны мэргэжлийн программ дээр хийсэн, логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байхаар бүтээлүүдээ хийж ирүүлсэн нь онцлог. Бас бахархмаар байсан. Бүтээл бүр өөр өөрийн өнгө төрхтэй, орчин үеийн шийдэл шинэлэг агуулгыг илтгэсэн байсан нь бүтээлүүдийг шалгаруулахад хүндрэлтэй байлаа. Гэсэн хэдий ч бид шалгаруулалтыг олон талаас нь тунгаан, хэлэлцэж хийлээ. Цаашид Завхан аймгийн үйлдвэрлэгчид өөрийн гэсэн лого, нэр, таних тэмдэгтэй болж буй нь энэ уралдааны гол зорилго байлаа хэмээн уралдааны шалгаруулах комиссоос мэдээлэв. 

Холбоотой мэдээ