Америкийн цэргүүд есдүгээр сарыг дуустал хилийн бүсэд байрлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-16 12:41:52

ВАШИНГТОН. /АР/. Америкийн цэргүүд 2019 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл Мексиктэй залгаа хилийн бүсэд байрлана гэж Пентагоны мэдэгдэлд дурдсан байна.


"Пентагоны хилийн ажиллагаа 12 дугаар сарын 15-нд дуусах ёстой байсан боловч нэгдүгээр сар хүртэл сунгасан бол одоо цэргүүдийг хилээс татах хугацааг 2019 оны есдүгээр сарын 30 болголоо" гэж "New York Times" сонины мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


“Дотоодын аюулгүй байдлын яамны хүсэлтийн хариуд тус яаманд үзүүлэх дэмжлэгээ Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан энэ оны есдүгээр сарын 30 хүртэл сунгалаа” гэж Пентагоны мэдэгдэлд дурдсан байна. Батлан хамгаалах яам Мексиктэй залгаа баруун-өмнөд хилийн бүсэд үзүүлэх дэмжлэгийнхээ хэлбэрийг өөрчилж байгаа бөгөөд хөдөлгөөнт ажиглалт явуулж, хил давах хууль бус оролдлогыг илрүүлэхээс гадна, шалган нэвтрүүлэх цэгүүдийн хооронд төмөр утас татах аж. Үүний сацуу тус яам агаарын дэмжлэг үзүүлнэ.


Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих мөнгө гаргуулахын тулд онц байдал зарлахыг Сенатын танхимд сонгогдсон Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн Линдси Грэм урьд нь Дональд Трампт уриалсан байна.


Хана барихын тулд  Трамп онц байдал зарлаж, урьд нь батлагдсан Пентагоны төсвөөс мөнгө гаргуулахыг оролдож магадгүй байгаа юм. Учир нь Конгресс дахь Ардчилсан намынхан уг төслийг санхүүжүүлэхээс татгалзаж байгаа билээ. Энэ асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагийн улмаас АНУ-ын хэд хэдэн яам болон төрийн байгууллагуудын төсөв батлагдаагүй. Үүнтэй холбоотойгоор яамд, агентлагууд 12 дугаар сарын 22-ноос эхлэн үйл ажиллагаагаа түр зогсоожээ.


 

Холбоотой мэдээ