“YouTube” аюултай, хор хөнөөл учруулж болзошгүй бичлэгүүдийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-16 14:20:23

ВАШИНГТОН. /BBC/. Аюултай, хор хөнөөл учруулах эрсдэл бүхий бие биеэ хуурах зорилготой бичлэгүүдийг /prank/ цахим хуудсандаа байршуулахыг хориглох шийдвэрийг “YouTube” компани гаргасан байна.


Олон нийтийн дунд түгээмэл дэлгэрээд буй “challenge” буюу сорилт хэмээн нэрлэгдэх болсон бичлэгийг даган дуурайх нь зарим тохиолдолд гэмтэж бэртэх, цаашлаад үхэлд хүргэсэн хэрэг гарсантай холбогдуулан “YouTube” компани дээрх шийдвэрийг гаргажээ.


Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, хор хөнөөл учруулах бичлэгүүдийг багтаах орон зай “YouTube”-д байхгүй гэжээ. Харин цахим хуудсанд хэдийнэ нийтлэгдсэн бичлэгүүдийг устгахад тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын эцэс гэхэд энэ төрлийн бичлэгүүдийг устгаж дуусна хэмээн компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


Аюултай, хор хөнөөл учруулж болзошгүй зарим бичлэг олон сая хандалт авсан байдаг бөгөөд энэ нь ашиг орлого олох гэсэн хүсэлтэй холбоотой байна. Энэ талаар компанийн төлөөлөгч хэлэхдээ, бид болзошгүй аюулаас урьдчилсан сэргийлэхийн тулд мөнгөний бодлогоо өөрчлөхөөр шаргуу ажиллаж байна гэжээ.

Холбоотой мэдээ