Хотын даргад нэр дэвшигчдэд нууцаар өгсөн санал тэнцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-16 18:03:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргыг хэлэлцэн томилох НИТХ-ын ээлжит хуралдаан завсарлаад 14.50 цагаас үргэлжлэн хуралдав.

Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж буй учир санал хураалтыг нууцаар явуулахаар болж, тооллогын комиссыг Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, саналын хуудсыг тоолж гаргахад саналын дүн 21х21-ээр тэнцэв. Иймээс санал хураалтыг дахин явуулахаар болж байна. НИТХ-ын нийт 43 төлөөлөгч санал хураалтад оролцсон ч нэг төлөөлөгчийн санал стандартын дагуу бөглөгдөөгүй учраас хүчингүй болж, саналыг тэнцүүлжээ. 



Өнөөдрийн хуралдааны талаар НИТХ дахь АН-ын бүлгээс “Хуралдааныг дэгийн дагуу явуулах ёстой атал НИТХ-ын хурлаас МАН хоёр удаа завсарлага авлаа. Иргэд олон нийтийг үл тоосон, дэгийг уландаа гишгэсэн хариуцлагагүй үйлдэл гаргаж байна” гэж үзэж буйг бүлгийн дарга Ц.Баатархүү илэрхийлж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ