Гэмтэл, согог судлалын үндэсний төв аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байна.
Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хагалгаа, мэс ажилбаруудын чанар, хүртээмжийг сайжруулах зорилго бүхий 6 сарын хамтын ажиллагааг хоёр эмнэлгийн зүгээс эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд ГССҮТ-өөс түлэгдэлтийн, дурангийн, өвдөг түнхний, хүүхдийн, цээж, хэвлийн гэмтлийн, тархины мэс заслын эмч нар Өвөрхангайд ажиллаж байна.
Энэ хугацаанд БОЭТ-ийн эмч нартай хамтран үзлэг оношилгоо, мэс засал хийж, эмч сувилагчдыг ажлын байранд нь дадлагажуулан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаа юм. Цаашид ГССҮТ-өөс нарийн мэргэжлийн эмч нар ээлж дараатай ирж, хамтран ажиллах бөгөөд Улаанбаатар хотын томоохон эмнэлгүүдэд нэвтэрч, үр дүн нь батлагдсан мэс ажилбаруудыг орон нутагт нутагшуулах аж.