Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх "Нэг сар-нэг хороо" аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-17 18:24:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл, хүнд гэмт хэргийн дуудлага ихээр ирдэг 22 дугаар хороонд "Нэг сар-нэг хороо" аяныг өнөөдрөөс хэрэгжүүлнэ.

Дээрх нэг сарын хугацаатай аяныг тус хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, Онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулна.

Аяны хүрээнд хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүлд тухайн нутаг дэвсгэрийн аж ахуй нэгжийг оролцуулах, шүүхээс эрэн сурвалжлагдсан,  оршин суух газраасаа сураггүй алга болсон этгээдүүдийг олж тогтоохоор ажиллах юм.


Мөн иргэдэд хулгайлах гэмт хэрэг, гал түймрийн аюул ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ойр орчимдоо түгшүүр төрүүлдэг иргэдийн талаарх мэдээлэллийг авч, хорооны хамтарсан багийн хяналтад бүртгэнэ. Хяналтанд бүртгэснээр дахин хүчирхийлэл үйлдэхээс  сэргийлэх, хохирогчид сэтгэл зүй, хуулийн зөвлөгөө өгөх аж.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага, мэдээлэл өгсөн иргэдтэй уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллагаас  ямар төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй байсан, авч чадсан  эсэх талаар судалгаа авч,  цаашид юун дээр анхаарч ажиллах талаар төлөвлөгөө боловсруулна гэж тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид онцлов.

Холбоотой мэдээ