Ховдод томуугийн өвчлөл нийт үзлэгийн 10 гаруй хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд |МОНЦАМЭ| Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ сарын 07-14-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 5298 иргэн амбулатороор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 575 тохиолдол оношлогджээ. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 10,8 хувийг эзэлж байгаа бөгөөд 83,1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна.
Харин Жаргалант сумын хэмжээнд нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 1185 иргэн амбулатороор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 180 тохиолдол оношлогдож, нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж байна. Түргэн тусламжийн 49 дуудлага бүртгэгдсэнээс 29 тохиолдол буюу 59 хувь нь уг өвчний дуудлага байжээ. Үүнээс амьсгалын замын хүнд халдвартай 81 тохиолдол байгаа бөгөөд вирүсийн шинжилгээгээр риновирус, корона вирус, амьсгалын замын синцитиаль вирүс, томуугийн HINI вирүс илэрсэн байна.
Өнгөрсөн 7 хоногт БОЭТ-ийн хүүхдийн тасагт дунджаар 70-80 хүүхэд хатгаатай гэж оношлогдсон бол өнөөдрийн байдлаар 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн насанд хүрэгчид ханиад тусч улмаар хатгаа болон хүндрэх тохиолдол нэмэгдэж, төв эмнэлгийн зарим тасгуудын ачаалал ихэссэнээр орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн БОЭТ болон Өрхийн эрүүл мэндийн төв, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөв.
Н.Лхагва