Эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-19 23:50:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгаан шат хүлээж байсан 21 настай эмэгтэйг зодож, дээрэмдсэн этгээдийг цагдаа нар зургаан цагийн дотор илрүүлэн, баривчилжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагын 102 утсанд өнөөдөр /2019.01.19/ 17.25 цагт Баянгол дүүргийн зургаадугаар хороо, Сити-18 дугаар байрны орцонд манай охин гэрлүүгээ орох гэж байгаад дээрэмдүүлсэн гэж хохирогчийн аав дуудлага өгчээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай материалжуулан, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасагтай хамтран дээрх хэргийг үйлдсэн 29 настай, эрэгтэй Б-г илрүүлж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 22.25 цагт дайчлан баривчилсан байна. Сэжигтэн Б нь 2016 онд дээрмийн хэргээр ял, шийтгэл эдэлж байсан бөгөөд өнгөрсөн онд мөн л дээрмийн хэрэг үйлдэж, өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байжээ. Дээрэмчний үйлдэл орцны камерт бичигдэн үлдсэн нь өнөөдөр цахим орчинд тархаж, олныг цочроосон юм.


Холбоотой мэдээ