Бүтээлч чанар, сурах орчинд нь тулгуурлаад үндэсний хэл бичгээ эзэмшүүлэхийг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-22 21:20:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулсан "Монголын сайхан бичигтэн-2018" улсын 22 дахь уралдааны бүтээлийн номинацийн тэргүүн байранд шалгарсан  Дундговь аймгийн "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Баттогтохтой ярилцлаа. 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?, Хэзээ сургуулиа төгсөж, хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? 

-Би 2012 онд МУБИС-ийн монгол, англи хэлний ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд өөрийн төрөлх нутаг Дундговь аймгаас ажлын гараагаа эхэлсэн. Энэ жил 6 дахь жилдээ ажиллаж байна.

-Манай МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулсан "Монголын сайхан бичигтэн-2018" улсын 22 дахь уралдааны бүтээлийн номинацид тэргүүн байрыг эзэлсэн. Уралдаанд ямар бүтээлээр оролцсон бэ?

-Монголчуудын өв соёл болсон монгол бичгийг түүхэн талаас нь судалж үзсэн. Түүхэн талаасаа бичиг үсэг маань яаж уламжлагдаж ирсэн, урлаг үсгийн ямар төрлүүд байдаг, ямар байдлаар бид энэ бүгдийг өвлөн тээж авч явах ёстой юм бэ? гэсэн энэ үндэсний агуулгыг шингээх үүднээс “Хасаг тэрэгтэй судар” гэдэг бүтээлийг хийсэн.

Энэ бүтээл маань 9 м сатин даавуун дээр урлаг үсгийн төрөл болох угалзан бичвэр, бийрэн бичвэр, хичээнгүй бичиг гэсэн бичгийн төрлүүд, үүнээс гадна монгол хэл бичгээ магтсан Бямбын Ринчингийн “Монгол хэл” шүлэг, “Хүмүүн бичиг” шүлэг, С.Лутбаярын “Босоо бичиг” гэсэн шүлгийг бичин мөнхөлж, баринтаглаж дээдэлсэн бүтээл болсон.

-Энэхүү бүтээлийнхээ санааг хаанаас хэрхэн олж авч, хэрхэн амилуулсан бэ?

-Би “Монгол бичгийн арга билиг” гээд клубыг үүсгэн байгуулаад ажиллуулдаг. Энэ клуб маань хичээнгүй бичиг, уран бичиг, бүтээл, анхлан суралцагч гэсэн 4 чиглэлээр тасралтгүй хичээллэдэг. Дугуйлангийн зарчмаар хүүхдийг бүтээлч сэтгэлгээтэй болгохыг зорьж ажилладаг. Ингээд дугуйлан ажиллуулаад ирэхээр багш өөрөө хүүхдүүддээ чиглүүлэгч байж, санаачлагч байж ажиллах шаардлагатай болдог. Энэ дээр тулгуурлаад ер нь “монгол хэл бичгээ дээдэлсэн ном хийвэл яасан юм бэ” гэсэн санаа л ноднингийн хичээлийн жилд толгойноос салаагүй.  

Тэндээсээ ургуулж, санаад л монгол хэл бичгээ магтсан шүлгүүд орох ёстой юм байна, ийм зураг орох хэрэгтэй юм байна гээд дугуйлангийнхаа хүүхдүүдтэй ч ярилцаж байсан. “За энэ санаагаа нэг даавуун дээр буулгана даа, бүтээл болгоно оо” гэж бодож явсаар байж байгаад “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд бүтээл болгож, оролцъё гэж зорьж хийсэн. Бүтээлээ бол 2 сар гаруй хугацаанд ажлаасаа гадуур чөлөөт цагаараа хийж, дуусгасан даа.

-Энэхүү бүтээлээрээ нийгэмд, хүмүүст яг юу хэлэхийг зорьсон бэ?

-Манай клуб “Эх бичигтээ эзэн нь байцгаая” гэсэн уриатай. Тэгвэл монголчуудын хувьд  1000 гаруй жилийн түүхтэй уламжлагдаж ирсэн үсэг бичигтээ бид өөрсдөө эзэн нь байж, сурах ёстой, ийм агуу бичиг шүү, ийм түүхийг дамнаж ирсэн энэ бичгээ бид нар өөрсдөө эзэмшиж, судлах ёстой л гэсэн зүйлийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн. Яагаад гэвэл монголчууд бидний яс, цус, генид нь шингэсэн байдаг учраас өөрсдөө сонирхоод ирэх юм бол өөрийн эрхгүй хөтлөгдөөд ирдэг энэ бичиг үсгээ л эзэн нь юм шиг сурч, судалж, хэрэглэдэг байх хэрэгтэй гэсэн энэ зүйлийг л бусдад хэлэх гэсэн юм.

-Клубынхээ үйл ажиллагааны талаар тодруулж ярьж өгөөч, ямар зорилгоор, хэрхэн хичээллүүлдэг вэ?

-Монгол үсэг, бичгээ дээдлэхийн учир нь хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээнд л оршиж байх шиг санагддаг.  Хүүхдүүдэд монгол бичгийг сургахдаа бүтээлч талаас нь сургавал тэд нарт илүү дөхөмтэй юм уу гэж би ойлгодог.

Хүүхдүүд бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чанараар сурахаараа ул суурьтай ойлгож, хэрэглээ болгодог. Тэрнээс биш монгол хэлний хичээлийн хэдэн цагаар заагаад орхичихоор хүүхдүүд маань ойлгохгүй, мартана, үгийн эхэн, дунд, адагт гээд бичээд ирэхээр хүлээж авч чадахгүй шантарна.

Тиймээс хичээлийн бус цагаар хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээн дээр нь тулгуурлаж ойлгуулаад “За  Бямбын Ринчингийн энэ шүлгийг бичээд, баринтаглаад ном болгоё оо” гэхээр хүүхдүүд тэндээс тухайн үгийг хэрхэн яаж бичихийг анхаарч, мэдэж авдаг, мөн монгол бичгээ дээдлээд ном бүтээж байна гээд түүнээсээ маш их урам авдаг. Сурагчид маань 6 бадаг бүхий “Монгол хэл” шүлгийг бүрэн эхээр нь бичиж, ном хийж баринтаглуулсан байх жишээтэй. Тэгэхээр хүүхдүүд маань яг бүтээлч чанараараа л үндэснийхээ хэл, соёлд суралцаж байгаа гэж ойлгож байгаа даа.

Дугуйланд ахлах анги, дунд анги нийлсэн 43 сурагч хичээллэдэг. 23 нь анлан суралцагч. Тэд нарынхаа манлайлагч, чиглүүлэгч нь байхын тулд багш өөрөө бүтээлч чанараараа давамгайлж оролцож байж сурагчиддаа үлгэр дууриал болно гэсэн үндсэн зарчмыг барьж ажилладаг.

-Өмнө нь улс, аймгийн чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож байсан уу?, тийм бол ямар амжилт гаргаж байв?

-2015 онд миний шавь нар “Монголын сайхан бичигтэн” уралдаанд ангиараа оролцож, “Сайхан бичигтэн” анги болж байсан, 2017 онд шавь маань “Бүтээл” төрөлд 2 дугаар байр эзэлж байсан.

Өнгөрсөн жил манай дугуйлан аймгийн хэмжээнд “Шилдгийн шилдэг ажиллагаатай клуб”-ээр шалгарсан. Би өөрөө “Шилдэг чиглүүлэгч багш” болсон. Клубын зарчмаар хүүхдүүдэд зөв хүмүүжил олгож, төлөвлшүүлэх чиглэлээр төсөл хэрэгжиж, энэ чиглэлээр маш их зүйлийг хийсэн.

-Монголынхоо өв соёлыг үндэсний бичгээрээ дамжуулан хүүхдүүдэд ойлгуулж, таниулж байгаа гэж ойлголоо. Үндэснийхээ бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх чиглэлээр өөр юу хийж байна вэ?

-“Хүмүүн бичиг” сониныг анги болгон захиалдаг. Өнгөрсөн улиралд анги болгонд “Хүмүүн бичиг”-ийн буланг байгуулсан. Эхлээд дунд ангиудын хэмжээнд байсан. Одоо ахлах ангиуддаа энэ булангаа байгуулж байна. “Хүмүүн бичиг” сонингоо захиалаад л дугаар дугаараар нь тэр буландаа байрлуулчихдаг. Хүүхдүүд хичээлийн бус цагаар, сонирхсон үедээ түүнийгээ авч уншаад байх зорилготой.

Хамгийн гол нь орчин байж байж хүүхдүүд маань энэ бичгээ сурч, хэрэглээ болгож чадна. Тиймээс Монгол бичгийн жишиг кабинет байгуулах юмсан гэж зорьж, ажлаа эхлүүлээд явж байгаа. Энэнтэй холбоотойгоор орчин бүрдүүлэхэд “Хүмүүн бичиг” сонин,энэ булан маань маш их ач холбогдолтой. Уншиж судалж байгаа бүх зүйл маань л монгол бичгээр байх юм бол хүүхдүүдэд сурах хүсэл эрмэлзэл төрнө гэж боддог. Хичээлийн дэгээ хүртэл л монгол бичгээр бичиж, самбартаа байрлуулах гэх мэтээр орчин бүрдүүлэх гэж л хичээж явна даа.

-Шинэ он гарлаа, энэ ондоо ямар зорилготой ажиллах гэж байна вэ?

-Манай клубын хүүхдүүд жил, жилийнхээ бүтээлээр л ном гаргадаг. Одоо Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч уралдаанд оролцоно, дараа жилийн “Сайхан бичигтэн” улсын уралдааны бүх төрөлд нь хүүхдүүдтэйгээ оролцох зорилт тавьчихаад л ажиллаж байна даа.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Үндэсний өв соёл, үндэсний бичиг үсгээ өвлүүлэн, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ