Өмнөговийн 200 иргэн Баяннуурт туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-22 16:17:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлуулах урт болон богино хугацааны аялалд оролцуулахаар боллоо.

Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Өмнөговь, Баяннуур аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.

Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ. Уулзалтын үеэр өнгөрсөн онд 19,7 сая тонн байсан бараа эргэлтийг 2019 онд 25 сая тоннд хүргэх зорилтыг тэд тавьжээ. Мөн Гашуунсухайт боомтод 54 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт хийх бол Ганц мод боомтод Хятадын талаас тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх юм.

Гашуунсухайт боомтод хийх хөрөнгө оруулалтын тухайд 24 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах болон Цагаан хад суурьшлын бүс дэх гэрэл цахилгааны асуудлыг шийдэх ажээ. Түүнчлэн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагт туршлага судлуулах урт болоод богино хугацааны арга хэмжээнд оролцуулахаар болоод байгаа юм.

Холбоотой мэдээ