БНХАУ-д шинээр төрсөн хүүхдүүдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-22 11:54:05

БЭЭЖИН. /NHK/. Өнгөрсөн онд БНХАУ-д шинээр төрсөн хүүхдүүдийн тоо 1961 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрсэн тухай тус улсын Үндэсний статистикийн хорооны тайланд мэдээлэв.


Ойрын хэдэн жилийн хугацаанд тус улсын хүн амын тоо буурч эхлэх төлөвтэй байгааг энэ үзүүлэлт батлан харуулсан байна. Дээрх тайланд мэдээлснээр, 2018 онд 15.23 сая хүүхэд төрснийг өмнөх оныхтой харьцуулахад 2 саяар буюу 11.6 хувиар буурсан ажээ.


БНХАУ нь 30 гаруй жилийн турш нэг хүүхэд бодлогыг баримталж ирсэн бөгөөд 2016 онд уг бодлогыг халж, гэр бүлүүдийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм. Гэсэн хэдий ч хотуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн зэрэг шалтгааны улмаас хүүхэд өсгөх зардал улам нэмэгдэх болсонтой холбоотойгоор хоёр хүүхэд бодлого төдийлөн үр өгөөжөө өгөөгүй байна.


Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар, БНХАУ-ын хүн ам 2029 онд хамгийн өндөр хэмжээнд хүрч, цаашид жил ирэх тутам буурах төлөвтэй байгаа аж. Гэсэн хэдий ч ажиллах хүчний тоо хэдийнэ буурч эхэлсэн бөгөөд үүний эдийн засагт үзүүлэх нөлөө тулгамдсан асуудлын нэг болох нь гарцаагүй юм.


Түүнчлэн төрөлтийн түвшнийг нэмэгдүүлэхийн тулд гэр бүлийн хүүхдийн тоог хязгаарлахаа зогсоох зэрэг арга хэмжээг Бээжингийн засаг захиргаа авч хэрэгжүүлж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. 

Холбоотой мэдээ