Арц суурийн боомтоор зорчих иргэдийн тоо томоохон баяр дөхөхөөр нэмэгддэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-22 23:09:45

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Арцсуурь дахь хилийн боомтоор Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбоотой хилээр гарах иргэдийн тоо өсдөг ажээ. Он гарсаар тус боомтоор ОХУ-руу нийт 130 хүн гарчээ.

Эдгээр иргэдийн ихэнхи нь Завхан аймгийн Улиастай болон хойд чиглэлийн Тэс, Баянтэс, Асгат сумын худалдаа эрхлэгч нар байна. Учир нь эдгээр бизнес эрхлэгчид нь ОХУ-ын Тува улс болон бусад ойр хотуудаас ихэвчлэн хүнсний болон гэр ахуйн бараа авчирч худалдан борлуулдаг ажээ. Ялангуяа томоохон баяр ёслолын өмнө хүнсний барааны татан авалт ихэсдэг байна. Харин өнгөрсөн 2018 онд тус боомтоор 15393 хүн зорчжээ. Үүнээс  8000 орчим нь хилээр орж ирж, 7600 гаруй хүн хилээр гарсан байна. Нийт зорчигчдын 37.9 хувь нь гадаад хүн, 62.1 хувь нь монгол хүн үйлчлүүлсэн байна. Харин 3960 тээврийн хэрэгсэл зорчсоноос суудлын машин 2012 орж, 1948 гарсан байна. Үүнээс суудлын машин нийт 3652, ачааны машин 303, мотоцикль хоёр зорчиж  727.65 тн ачааг боомтоор оруулж ирсэн тухай Арц суурь дахь хилийн боомтоос мэдээлэв. Эдгээр ачааны 60 орчим нь хүнсний болон ахуйн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг ажээ. 

Холбоотой мэдээ