Д.Трамп Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлээ хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-24 14:29:30

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Засгийн газрын түр зогсолт дуусах хүртэл Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлээ тавихгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.


Лхагва гарагт Конгресст үг хэлэх Ерөнхийлөгчийн урилгаас Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси татгалзаад, юун түрүүнд Засгийн газрын үйл ажиллагааг сэргээх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.


Үүний хариуд Д.Трамп Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлээ хуваарийн дагуу, товлосон цагтаа тавина хэмээн хэлсэн ажээ.


Гэсэн хэдий ч лхагва гарагийн орой АНУ-ын төрийн тэргүүн дээрх амлалтаасаа няцаж, 34 дэх өдрөө үргэлжилж буй Засгийн газрын түр зогсолт дуусах хүртэл Улс орны нөхцөл байдлын талаархи илтгэлийг тавихгүй байх Н.Пелосигийн саналыг хүлээн зөвшөөрсөн тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Энэхүү илтгэлийг энэ сарын 29-нд тавихаар товлосон байсан юм.


Мөн тэрбээр “Ойрын хугацаанд Улс орны нөхцөл байдлын талаархи “агуу” илтгэлээ тавихыг тэсэн ядан хүлээж байна” гэж “Твиттер” дэх мэдэгдэлдээ тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ