Зүү ороож хээ тавьсан гутал анх удаа урлажээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-01-26 22:54:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/  Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-26-нд гарч байна.

Эл үзэсгэлэн худалдаанд сар шинийн баярт зориулсан орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Тэдгээрээс зүү ороож, хээ тавьсан буриад гутал худалдан авагчдын анхаарлыг татаж, эрэлттэй бүтээгдэхүүнээр нэрлэгдлээ. 

1990 оноос гутал үйлдвэрлэсэн “Хүслийн наран” ХХК-нийнхан анх удаа зүү ороож хээ тавьсан гутал урлан 1,8 сая төгрөгөөр борлуулж байна. Тус компанийн хамт олон орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангахуйц өнгө, үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн дулаан, жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой үндэсний, европ загварын гутлыг шат дамжлага бүрээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа гэнэ. 

Есөнбулаг суманд болж буй үзэсгэлэн худалдаанд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, ул боов, хонины ууц шүүс,  үндэсний дээл, хувцас, гутал, гоёл чимэглэл, арьсан эдлэл болон чихэр жимс, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд борлуулж байна. 

Үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж буй бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийнхээс 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, чихэртэй ааруул 1 кг-15.000, тогооны өрөм-15.000, идээний ааруул-150.000, сүү литр нь 3500 төгрөгийн үнэтэй байна.