Улсын аварга малчин Ж.Бямбадорж 260 орчим эмнэг сургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-30 16:20:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадоржийн Монгол Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Л.Энхболд болон аймаг орон нутгийн удирдлагууд гардууллаа.

Ж.Бямбадорж нь таван настайгаасаа тэмээ унаж сурсан бөгөөд 20 гаруй жил мал маллахдаа Ханбогд галбын улаан үүлдрийн тэмээгээ өсгөн үржүүлж, одоогоор 600-аад тэмээтэй болоод байгаа ажээ. Тэрээр 40 нас хүртлээ 260 орчим эмнэг сургаж Монгол Улсын спортын мастер болсон байна. Ж.Бямбадорж 1989 онд илгээлтээр мал маллахаар хөдөө гарснаасаа хойш мал маллах арга ухаанд суралцан, 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор мянга гаруй мал тоолуулан, ийнхүү Улсын аварга хэмээх нэр хүндтэй цолны болзол хангасан юм. Түүний гэргий Дорждэрэмийн Мөнхчимэг малч хичээнгүйгээрээ нутаг усныхандаа хүндлэгдсэн нэгэн юм. Д.Мөнхчимэгийн ах Д.Мөнхчулуун энэ жил "Алтан ботго"-ны эзэн болсон билээ.


Монгол Улсын аварга малчин болсон Ж.Бямбадоржийнх таван айлыг малжуулж, мал маллах арга ухаан заан сургасан бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгт мал хандивлан бусдад сайн үйлс түгээж яваа малчин юм.
Холбоотой мэдээ