Шүүхээс ял сонссон эмэгтэйчүүдийн тоо 47 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-30 16:30:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр өнгөрсөн оны шүүн таслах ажиллагааны статистик мэдээг танилцуулав. Нийт 12 336 хүн ял шийтгүүлснээс 37.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь 2017 оноос 47.4 хувиар нэмэгдсэн тоо юм.

Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалт, судлал, статистикийн хүрээлэнгийн захирал Ц.Мандах, "Өнгөрсөн онд бүх шатны шүүхэд 502 шүүгч ажиллаж 73 мянга 135 хэрэг шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэсэн хэргийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 10 хувиар нэмэгдсэн. Монгол Улсын шүүх энэ онд төрийн санд 21.1 тэрбум төгрөг оруулсан. Эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өссөн үзүүлэлт гарсан. Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар өссөн бол, өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байна” гэлээ.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд өнгөрсөн онд эрүүгийн 12551 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 12904 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 1087 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3747 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 42.0 хувиар, иргэний хэрэг 6.5 хувиар тус тус өсөж, захиргааны хэрэг 14.1 хувиар буурсан байна.

Хүн амины хэрэг 18 хувь, улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлэх хэрэг 1.18 хувиар цөөрсөн бол бусад эрүүгийн хэрэг  өсжээ. Харин зөрчлийн хэрэг 1.8 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас 14053 хүн, 127 төрийн байгууллага, 99 компани, 1 нөхөрлөл, 3 төрийн бус байгууллага хохирсон байна. 

Зураг.1 Хохирсон иргэдийн насны бүлэг


Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2922 хэрэг буюу 6.5 хувиар өссөн байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг, маргаанаас Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 197 хэргээр буюу 4.3 хувиар хувиар өссөн бол, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 429 хэргээр буюу 19.4 хувиар, Нийгмийн даатгалын багц хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 71 хэргээр буюу 17.6 хувиар, Татварын тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 59 хэргээр буюу 21.5 хувиар тус тус буурсныг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн референт Э.Ганцэцэг мэдээлэв.

Харин ажилласан жил тогтоосон хэргийн тоо 3750 хэргээр буюу 47.3 хувиар өссөн дүнтэй байна. 

Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 49.2 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 41.9 хувиар, ашиг малтмалтай холбоотой маргаан 10.4 хувиар, татварын маргаан 23.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 24.1 хувиар тус тус буурсан бол төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, газрын маргаан 11.8 хувиар, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 22.8 хувиар, тус тус өссөн үзүүлэлттэй байгааг танилцуулав.

Холбоотой мэдээ