АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид Панмүнжомд уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-01-31 10:52:46
Yesukheitumur Tumurbaatar

СӨҮЛ. /Kyodo/. АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид  ирэх сарын 4-нд Панмүнжом тосгонд уулзаж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж албаны эх сурвалж мэдээлжээ.


Эх сурвалж уулзалт хэзээ хаана болох тухай мэдээлсэн хэдий ч БНАСАУ-ын талаас ямар хүн энэ уулзалтад оролцохыг дурдаагүй байна. Харин АНУ-ыг төлөөлж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Бигун уг уулзалтад оролцох ажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг Вьетнамд хийх боломжтой гэсэн саналыг дэвшүүлсэн боловч БНАСАУ уг саналыг хүлээж аваагүй тухай БНСУ-ын дипломат эх сурвалжууд мэдээлж байсан билээ.


Харин Вьетнамын эрх баригчид уг дээд хэмжээний уулзалтыг Дананг эсвэл Ханой хотод зохион байгуулах боломжтой гэж мэдэгдээд, уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм. Хэрвээ Трамп-Ким нарын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө БНАСАУ-ын албаны төлөөлөгчид Вьетнамд албан ёсны айлчлал хийвэл АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт Ханойд болох магадлал нэмэгдэх юм.


Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапурт болсон хоёр удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалтын дараа Ким Жөн Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн алхам хийнэ гэж амласан билээ.


Холбоотой мэдээ