"Энхийн шагнал-2018" цом, өргөмжлөлийг мэс засалч эмч Ц.Лочин хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-31 15:28:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Энхийн шагнал- 2018" шагнал гардуулах ёслол өчигдөр "Чингис хаан" зочид буудлын "Өргөө" танхимд боллоо. Энэ жилийн энхийн шагналыг клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс засалч эмч Цогтын Лочин хүртэв. Тэрбээр анагаах ухааны салбараас уг шагналыг хүртэж буй хоёр дахь хүн боллоо.

Түүний амжилт нь нойр булчирхай үхжих үрэвслийг тодорхойлох арга болон 20 гаруй төрлийн мэс заслын багаж шинээр бүтээжээ. Шинийг санаачлагч, олон хүний өмнө тулгамдсан нойр булчирхайн хүнд өвчний оношийг эрт тодорхойлон эмчилж байгааг нь үнэлэн 2018 оны "Энхийн шагнал"-ыг олгосон байна.

Энхийн шагналд нийгмийн бүхий л салбарын байгууллага, хамт олон, хувь хүн нэрээ дэвшүүлэх эрхтэй. Жил бүр 100 гаруй хүний тодорхойлолт, ажлыг дүгнэн цэгнэж, тусгай комисс гурван үе шаттайгаар  нягтлан шүүн шалгаруулдаг байна. Энэ шагналыг хүртэхэд уран барималч Л.Гантөмөрийн урлан бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг.

2011 оноос эхлэн найм дахь жилдээ олгож байгаа "Энхийн шагнал"-ыг  МУСГЗ, дипломатч Д.Цахилгаан, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Монгол Улсын гавьяат багш "Азийн хүүхдийн сан"-гийн захирал С.Эрдэнэчулуун, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн аврагч Ч.Ганзам, Д.Эрдэнэбат, Монгол Улсын гавьяат эмч, ЭХЭМТ-ийн Хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч Б.Энхравдан нар хүртсэн юм.

Шагналыг "Дэлхийн энхийн их наадам" ТББ, "Монголын уламжлалын академи, "Дэлхийн энх тайвны зөвлөл зэрэг Монгол дахь энх тайвны байгууллагуудын дэмжлэгээр жил бүр нэг л хүнд олгох болсон байна. Мөн шагнал гардуулах ёслолын үед "Энх тайван, энх амьдрал миний нүдээр" хүүхдийн гар зургийн уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг.

Шилдэг хүн, шилдэг илтгэл, зургуудыг шалгаруулах комисст яруу найрагч Б.Лхагвасүрэн, жүжигчин Н.Сувд, дипломатч Д.Цахилгаан, МУСГЗ, "Эрдэм" их сургуулийн дэд захирал Х.Оюунчимэг, МУБИС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор Ж.Гэрэлбадрах, АШУИС-ийн багш, "Ахиллис-Монгол" олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал О.Саранчулуун, "Дэлхийн энхийн их наадам" ТББ-ын тэргүүн Г.Ганбат нар ажилладаг байна. 

Ц.Лочин 1996-1998 онд Анагаах ухааны дунд сургууль төгсөж П.Н.Шастины  нэрэмжит эмнэлгээс ажлын гараагаа эхэлжээ. 2000-2006 онд ЭМШУИС-ийн Анагаах ухааны сургуулийг их эмчээр төгсөж, 2006-2008 он хүртэл тус эмнэлгийн ерөнхий мэс засалчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Жилд дунджаар 350 гаруй мэс засал хийдэг. Монгол Улсын "Шилдэг мэс засалч", "Шилдэг зохион бүтээгч" цолоор шагнагдаж байсан. Мөн Австри улсын Женев хот дахь Дэлхийн Оюуны өмчийн газрын "Алтан медаль" ч хүртэж байжээ.

Холбоотой мэдээ