БХЯ, Байгаль хамгаалах салбартай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-03-15 11:24:52

Орон нутгийн байгаль хамгаалах салбар болон цэргийн байгууллагууд хамтран  хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээх чиглэлд хамтран ажиллах болж өнөөдөр Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар гарын үсэг зурав.

Уг санамж бичиг нь Монгол улсын нийгэм эдийн засаг, хөгжлийн хандлага, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг хангах зорилготой юм.

Санамж бичгийн хүрээнд нэн тэргүүнд Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдэд ой цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн БОНХАЖЯ, БХЯ-ын бие бүрэлдэхүүн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, цэргийн анги байгууллагуудыг ногоон бүс орчинтой болгох үүднээс цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлыг зохион байгуулах юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ