Малын удмын санг хамгаалахад илүү анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-31 15:45:22
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн малчин Б.Зунгаажав 2018 онд 453 толгой мал тоолуулж мал сүргээ өмнөх оноос 17 хувиар өсгөж, сүүлийн гурван жилд зургаан өрхийг малжуулж ажлын байр нэмэгдүүлжээ.  Түүний энэхүү ажил хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Засгийн газраас “Улсын аварга малчин”–аар тодруулж уг шагналыг аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон холбогдох дарга, удирдлагууд гардуулж өглөө.

Б.Зунгаажавынх Булган аймгийн Орхон суманд өвөлжиж байна. Аймгийн удирдлагууд Улсын аварга малчин Б.Зунгаажавын хотонд зочлохдоо, мал сүргээ өсгөн үржүүлж аймаг, орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж байгаад талархан баяр хүргэсэн юм.   


Улсын аварга малчин Б.Зунгаажав мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал сүргийнхээ чанарыг сайжруулах зорилгоор адуун сүргээ “Монгол”, үхэр сүргээ “Сэлэнгэ, “Монгол”, хонин сүргээ “Барга”, ямаан сүргээ “Эрчим” үүлдрээр сайжруулан нутгийн малчдад жил бүр 15-23 толгой үржлийн өсвөр хээлтүүлэгчийг борлуулж, малын удмын санг хамгаалж ажилладаг ажээ. Тэрээр 40 гаруй жил мал маллаж байгаа юм.

Орон нутгийн удирдлагууд Улсын аварга малчин баяр хүргэхийн дашрамд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гарын бэлгийг мөн хүргэжээ.

Холбоотой мэдээ