Г.Сувдаа: Эрчимжсэн МАА-г бүсчилж, кластерээр хөгжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-01-31 18:27:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас баталсан “Эрчимжсэн МАА-н хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо. 

Уулзалтын үеэр, МАА-н үйлдвэрлэлийг бүсчилж, төрөлжүүлэн хөгжүүлснээр хүн амыг хүнсээр тогтвортой ханган, экспортыг дэмжих зорилготой дээрх хөтөлбөрийн талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор Г.Сувдаагаас тодруулав.



-Хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Өнөөдрийн уулзалтаар, 2023 он хүртэл хэрэгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг танилцуулахын сацуу, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ямар үйл ажиллагааг төлөвлөх шаардлагатайг зөвлөлдөж байна. Энд сүү, махны чиглэлийн үхэр болон гахай, шувуу, зөгийний эрчимжсэн аж ахуй эрхлэгчид, тэдгээрийг нэгтгэсэн мэргэжлийн холбоод, судлаач эрдэмтэд 120 гаруй төлөөлөл оролцож байна. Бид юунд төвлөрч ярилцав гэхээр төр, засгаас хөтөлбөрөө баталж, чиглэлээ гаргачихлаа, одоо үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд ямар арга хэмжээг авч, ямар замаар хийхээ ярьж төлөөллийнхөө саналыг авлаа. Ингэснээр яам хийх ажлын төлөвлөгөөг удахгүй гаргаж хэрэгжүүлнэ.

-ХАА-н салбарынхан Үндэсний хөтөлбөрөөс ямар үр дүн хүлээж байх юм?

-Сүүлийн 20 гаруй жил манай улсад эрчимжсэн МАА-г хөгжүүлэхдээ тухайн өрх, ААН, иргэн бие даасан байдлаар эрхэлж ирсэн учир эдийн засгийн үр өгөөж бага, алдагдалтай байв. Үүнийг одоо төр, засгаас улсын хэмжээнд бодлогын хүрээнд зангидан кластерын (нэг нэгнээ дэмжсэн хорших) системд оруулах гэж байна. Мөн экспортод ахиц гаргана. Жишээ нь,

Манай улс импортоор жилд 200 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц 18 нэр төрлийн, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг авч байна. Тиймээс ийм их хэмжээний валютын урсгалыг яаж эх орондоо үлдээж, дотоодын үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах асуудлыг шийдэхэд эрчимжсэн МАА-н хөгжлийг дэмжих хөтөлбөрөөс хүлээж буй үндсэн нэг үр дүн чиглэж байгаа.



Өөрөөр хэлбэл, манай улс 66.5 сая малтай хэрнээ дээрх хэмжээний валютыг гадагшаа урсгаж байна. Үүнийг бид яах аргагүй цэгцлэх ёстой асуудал гэж бодож байгаа юм.

-МАА-г хаана хаана бүсчилж хөгжүүлэх боломжтой байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хот орчмын болон тариалангийн бүс нутагт илүү тохиромж, боломжтой. Мөн аймаг, сумын төв гэх мэтчилэн хүн ам төвлөрсөн газруудад мах, сүү, бусад бүтээгдэхүүнээр хүнсний хэрэгцээг жилийн дөрвөн улирлын турш тогтмол хангахаар хөтөлбөрт тусгасан байгаа. Энэ ажлыг нэг мөр болгон цэгцлэх нь энэ хөтөлбөрөөс хүлээж буй бас нэг үр дүн юм. Өнөөдрийн байдлаар эрчимжсэн МАА-г хөгжүүлэх гээд иргэн, ААН-үүд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг өөрсдөө гаргаж зарцуулаад чармайж буй. Энд төрөөс тодорхой зохицуулж дэмжих нь дутаж ирсэн. Ялангуяа татварын бодлогоор дэмжиж, тарифын болон тарифын бус зохицуулалт, дээр нь урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох зэрэг дэмжлэг яах аргагүй хэрэгтэй байгаа юм.

Эрчимжсэн МАА-д нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх бүтээмжийн асуудлыг ярьдаг. Энэ бүтээмжид өндөр ашиг шимтэй малыг өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээгээр яах аргагүй гадаадаас импортоор авч нутагшуулан эргээд түгээн дэлгэрүүлэх маягаар энэ ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж харж байгаа.

Б.Болд

 

Холбоотой мэдээ