Их Британийн автомашин үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-01 13:29:17

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн автомашин үйлдвэрлэлийн 2018 оны хэмжээг өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 9.1 хувиар буурсан хэдий ч экспортын хэмжээ ойрын жилүүдэд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Энэ тухай тус улсын Автомашин үйлдвэрлэл, худалдааны холбооноос /SMMT/ пүрэв гарагт гаргасан тайланд мэдээлэв.


Их Британийн автомашины үйлдвэрлэлийн үзүүлэлтээс үзэхэд, 2018 онд нийт 1.52 сая ширхэг автомашин үйлдвэрлэсэн ажээ. Гэсэн хэдий ч энэ төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2012 оноос хойших хамгийн өндөр хэмжээнд хүрч, тус улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудын 81.5 хувь нь гадаадын зах зээлд худалдаалагджээ.


Европын Холбоо нь Их Британийн худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа бөгөөд тус холбооны гишүүн орнууд нийт экспортын 52.6 хувийг эзэлж байна.


Автомашин үйлдвэрлэл, худалдааны холбооны тайланд мэдээлснээр, Их Британийн автомашин үйлдвэрлэлийн салбар нь 186 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж, эдийн засагт жил тутам 20.2 тэрбум фунтын хувь нэмэр оруулдаг ажээ. 

Холбоотой мэдээ