Эрчим хүчний ухаалаг сүлжээний мэргэжилтэнтэй болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-02-02 16:56:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЯ-наас энэ оныг “Ухаалаг эрчим хүчний жил”-ээр зарлаад буй. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх гурван үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Үүнд:

  • Найдвартай, тогтвортой ажиллагааг хангах хүрээнд- эрчим хүчний төлөв байдлыг бодитойгоор үнэлж, тогтвортой ажиллагааг хангах;
  • Үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр - Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх түвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх;
  • Түгээх сүлжээ, хэрэглэгчийн түвшинд нэвтрүүлэх чиглэлээр- Ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчээ хэмнэж, хөнгөлөлт эдлэх түүнээс гарах үр ашгийг хүртэх;


Дээрх үндсэн зорилтын хүрээнд нийт 33 томоохон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, эрчим хүчний салбарын байгууллага бүрт ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бий болгох,

  • Эрчим хүчний салбарын ухаалаг реле хамгаалалт, автоматикийн цогц системийн техникийн тодорхойлолтыг боловсруулж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,
  • Эрчим хүчний системийн хэвийн болон ослын үеийн процессыг бичих зориулалт бүхий нэгдсэн удирдлага, хяналтын систем /WAMS/-г нэвтрүүлж, хэрэгжүүлэх боломжийг судлах,
  • Эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд ашиглаж байгаа дэд системүүд (санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны бусад системүүд)-ийг нэгтгэн, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх талаар судалгаа хийх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох,

Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын хэрэглэгчдийг Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан ухаалаг микро сүлжээнд холбох боломжийг судлан хэрэгжүүлж ажиллах юм.  

Эрчим хүчний ухаалаг сүлжээний тодорхойлолт, техникийн шаардлага түүнийг хөгжүүлж, хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиг үүрэг бүхий нэгжийг “Диспетчерийн үндэсний төв” ХХК дээр байгуулна. 

“Ухаалаг эрчим хүч”-ний жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2019 оны 12 дугаар сард Сайдын зөвлөлд эргэн танилцуулах юм.

 

Холбоотой мэдээ