ОХУ пуужин устгах гэрээний талаар гаргасан Вашингтоны шийдвэрт хариу барилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-02 18:06:53

МОСКВА. /TASS/. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээнээс гарах тухай АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд ОХУ уг гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоож байгааг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.


“Америкийн түншүүд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээ зогсоож буйгаа мэдэгдлээ. Бидний авах хариу арга хэмжээ адил байх болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ мэдэгджээ.


Путин мөн Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний асуудлаар хэлэлцээ хийх санал тавихгүй байхыг үүрэг болгосон байна.


“Бидэнд болон бидний түншүүд, цаашлаад дэлхий дахины хувьд маш чухал энэ сэдвээр АНУ адил эрхтэй, утга агуулга бүхий яриа хэлцээг бидэнтэй хийхэд бэлэн болох хүртэл хүлээе” гэж тэрбээр хэлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, пуужин устгах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ зогсоосны дараа тус улс Батлан хамгаалах яамны төсвөөс хэтрүүлэхгүйгээр шинэ зэвсэг бүтээх болно. “Бид зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд оролцох ёсгүй бөгөөд оролцохгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


АНУ дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг байрлуулаагүй цагт дэлхийн аль нэг бүс нутагт Оросын ийм пуужингуудыг байрлуулахгүй гэж ОХУ-ын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ

Холбоотой мэдээ