Г.Занданшатар: Парламентын үйл ажиллагааг шинэчилж, иргэдийн УИХ-д итгэх итгэлийг сэргээнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-04 13:58:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, 2019 оны хаврын ээлжит чуулганы бэлтгэл хангах, ээлжит бус чуулган хуралдуулах, хэлэлцэх хууль тогтоомжуудыг бэлтгэх болон байнгын хороодын байгуулсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг цэгцэлж, дүгнэх талаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Чуулган завсарлалаа гээд УИХ-ын гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай байх ёстой. Ард түмнээсээ мандат авсан гишүүд иргэдтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудын талаар санал бодлыг нь сонсох хэрэгтэй. УИХ-ын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы танхим хэрүүлийн, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог үйл явцыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг  байгуулж ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийх ажлын хэсгийн үйл ажиллагаа, хянан шалгасан дүн, батлан хамгаалахын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг ч бас ярилцах ёстой. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулиудаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын багц хуулиуд, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай, хойшлуулшгүй зохицуулалт хийх шаардлагатай хуулиудыг хэлэлцүүлэх бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй байна" гэв.

Холбоотой мэдээ