Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд хамтран ажиллана

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-02-10 10:34:04

ТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Хоккайдо мужийн захирагч Харуми Такахаши болон ОХУ-ын Сахалин бүс нутгийн дэд захирагч Валерий Лимаренко нар бямба гарагт Өмнөд Сахалинск хотноо уулзсан байна.


Уулзалтын үеэр талууд Хоккайдо болон Сахалины оршин суугчдыг визгүй зорчуулах талаар Засгийн газрууддаа уриалахаар тохиролцсон байна. Сахалинд ОХУ-ын мэдэлд байдаг дөрвөн арал оршдог юм.


Японы Засгийн газар уг арлуудыг улсынхаа газар нутгийн салшгүй нэгэн хэсэг хэмээн үзэж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа хууль бусаар эзлэгдсэн гэж мэдэгддэг билээ.


Х.Такахаши хэлэхдээ, хоёр бүс нутгийн эдийн засаг, соёл, эрүүл мэндийн харилцан солилцоог гүнзгийрүүлэх нь газар нутгийн маргааныг зохицуулж, найрамдлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэжээ.


Үүний хариуд В.Лимаренко харилцан солилцоог гүнзгийрүүлэхийн тулд хоёр бүс нутгийн оршин суугчдыг визгүй зорчуулах чиглэлд ажиллахыг Х.Такахашид уриалсан байна. Визгүй зорчих тухай энэхүү санааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2016 онд Японд айлчлах үеэрээ санал болгож байсан ажээ.


Ирэх дөрвөн жилийн хугацаанд далайн гаралтай бүтээгдэхүүн боловсруулдаг хийгээд фермийн аж ахуй эрхэлдэг орон нутгийн компаниудын харилцааг сайжруулах тухай онцлон тэмдэглэсэн санамж бичигт Х.Такахаши, В.Лимаренко нар гарын үсэг зурсан байна.


Түүнчлэн уг баримт бичигт Сахалин бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Хоккайдо мужийн техник технологийг ашиглах тухай мөн тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ