Цэнгэл сум ОХУ-ын Тувагийн соёлын төвтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-12 10:42:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын Тувагийн соёлын төвийн захирал Игорь Көшкендэй болон  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын орлогч С.Бекет нар урлаг, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Уг санамж бичигт Цэнгэл сумын багш нарыг Тувагийн Их сургуульд мэдлэг дээшлүүлэх сургалтад хамруулах, урлаг, соёлын чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй сурагчдыг тус улсад хөөмийн чиглэлээр суралцуулах, хүүхдүүдийг амралтын газруудад амраах, үндэсний урлагийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан уралдаан тэмцээн, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, наадам болон бусад томоохон баяр наадмын арга хэмжээнүүдэд төлөөлөгчөө оролцуулах зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Хамтран ажиллах санамж бичиг нь таван жилийн хугацаанд хүчинтэй байх ба  талууд харилцан тохиролцсоноор цаашид сунгах боломжтой ажээ.   

Дашрамд дурдахад, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Тувагийн соёлын төвийн захирал Игорь Көшкендэй тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа юм. 


                

Холбоотой мэдээ