Зая бандидын хойд дүрийг Архангай аймагт нутаглуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шороон нохой жилийн битүүнд дээрхийн гэгээнтэн Зая Бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт таалал төгсжээ. Буяны ажлын хүрээнд энэ сарын 13-15-нд "Гонзог" ерөөл буян хурааж, Архангай аймагт нутаглуулах болсон тухай Зая гэгээний Гүшог дацан, Гандантэгчэнлин хийдийн лам нар мэдээллээ.
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, "Гэгээн хутагтын дүрийн лагшинг маргааш буюу шинийн наймны 08.30-12.00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдэд залах бөгөөд сүсэгтэн олон түүнд мөргөж, хүндэтгэнэ. Харин үдээс хойш Архангай аймгийн төв, Зая гэгээний хийдэд залах юм. Зая гэгээнтний үе үеийн дүрүүдийн голлон суурьшиж байсан тус аймагт залснаар шинийн есөн буюу энэ сарын 14-нд гэгээн хутагтын лагшинд шадар шавь, орон нутгийн сүсэгтэн олон мөргөл үйлдэнэ. Харин энэ сарын 15 буюу шинийн 10-нд хутагтын лагшинг хайлуулж, Архангай аймагт нутаглуулна" гэлээ.
Хутагтын лагшинг одоогоор Гүшог дацанд залсан бөгөөд өдөр бүр хүрээ хийдүүдийн лам нар тус бүр Жамбалцанжод номыг 10 мянган удаа уншиж байна. Мөн түүнийг нутаглуулахад Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл оролцох аж.
Гүшог дацангийн тамгын лам Э.Батсайхан, "Архангай аймагт нутаглуулж буйн учир нь анхдугаар Зая Лувсанпэрэнлэй гэгээнтнээс хойш түүний дүрийг тус аймагт нутаглуулдаг байсантай холбоотой. Тиймээс “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагаанд сүсэгтэн олныг өргөнөөр оролцож, буян хураана гэдэгт итгэлтэй байна. Шавь нар нь ч мөн адил ерөөл буяны ажилд нь итгэл үнэмшилтэйгээр оролцоно" гэв.
Зая бандида гэгээний VII дүр Лувсанданзанпүлжинжигмэд хутагт 1971 онд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрөл таалж, 1999 онд Халхын Зая гэгээний дүрээр хутагтын ширээнд залагдаж, тэр цагаас хойш Төвдийн томоохон хийдэд шавилан ном суралцаж, улмаар 2003 оноос хойш Монгол орны өнцөг булан бүрт заларч, байгаль дэлхийгээ хамгаалах, лус савдгийг аргадан тахихаас гадна шашны соёлыг залуу үед таниулах, лам хуваргуудыг Энэтхэгт сургах үйлсийг хийж, бурхан номын үйлст лагшин шүтээнээ хураасан байна.
Дашрамд дурдхад, Зая бандида гэгээний анхны дүр Лувсанпэрэнлэй нь 1642 онд Сайн ноён хан буюу одоогийн Архангай аймагт төржээ. Тэрээр 17 насандаа “Богдын залбирал” хэмээх ном зохиож, 19 насандаа Төвдийг зорьж 20 орчим жил суухдаа анагаах ухааныг судалж, “Эмийн дөрвөн үндэс” хэмээх эрдмийг эзэмшиж, буддын гүн ухааны их, бага арван ухааныг болгоожээ. “Зая бандида” хэмээх номын гэгээн цолыг Y Далай лам Лувсанжамцаас хүртэж зарлиг бүхий шар өргөмжлөл, эрдэнийн тамга тэргүүтэн зэргийг хүлээн авчээ. Зая бандида 1679 онд нутагтаа эргэн ирж одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Заяын дээд ба доод хүрээг байгуулж Халх, Өвөрлөгчийн олон хошуу нутагт залагдан сүсэгтэн олны итгэл бишрэлийг олжээ.
Гэрэл зургийг Б.Чадраабал