С.Түмэнбаяр:Иргэдэд ойрхон төлөөллийн байгууллага буй болгохын төлөө анхаарч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-13 13:59:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяртай ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан, хаваржаа тавтай юу?

-Сайхан байна.

-Шинэ он гараад бараг хоёр сарыг ардаа орхиж. Хурлын сүүлийн үеийн ажлын талаар яриагаа эхлэх үү?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол иргэдээс сонгогдсон төлөөлийн байгууллага. Аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчид бүрэн эрхийн хугацаанд баримтлах бодлого чиглэлээ үйл ажиллагааныхаа жил жилийн төлөвлөгөөнд бүрэн тусгахаас гадна төлөвлөгөөнд тусгаагүй ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой ажлыг тухай бүр  хэрэгжүүлэх талаар  байнга ажиллаж байдаг.

Аймаг орон нутгийн төсөв батлах, хөрөнгө оруулалт татах, орлого, татвар төвлөрүүлэх боломжийг хайх, төсөл хөтөлбөрүүд баталж хэрэгжилтэд нь хяналт тавих гээд хуулиар олгогдсон ажлаа гүйцэтгэж байна.

-Аймгийн орлого нэмэгдүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Манай аймаг өөрийгөө санхүүжүүлэхээс гадна улсад татаас төлдөг. Орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд олон талт үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвийг нэмэгдүүлж ажиллаж байна.

Аж ахуй нэгжүүдээс татвараа бүрэн авч хэвших, орлогын эх үүсвэрийг буй болгох, хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлыг зохион байгуулснаар  орлого жил бүр нэмэгдэж байгаа.

Тухайлбал, 2018 онд 17.3 тэрбум төгрөг баталж байсан бол 2019 оны төсөв 21.9 тэрбум орчим болж нэмэгдэж байх жишээтэй. Аймгийн 2018 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 102.2 буюу өмнөх оноос  4.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

-Хурлаас баталж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нийт 26 дэд хөтөлбөр баталсан байна.

“Хөрш орноосоо суралцъя”, “Элэг бүтэн Дорноговь”, “Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх”, “Халдварт бус өвчинтэй тэмцэх”, “Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах”, “Малын эрүүл мэнд”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо”  гээд олон дэд хөтөлбөр бий.

Тухайлбал, “Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуультай хамтын ажиллагаа тогтоож багш солилцож ажиллаж байгаа бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг хошуудтай ч хамтын ажиллагаа  тогтоож ажиллаж байна.

-Аймгийн ИТХ хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлдэг. Энэ талаар ямар ажил зохион байгуулж байна?

-Хурлын чиг үүргийн томоохон ажлын нэг нь орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт болон бусад ажил үйлчилгээнд иргэдийн өмнөөс хяналт тавьж ажиллах.

ИТХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд хороодоос жил бүр нэгээс хоёр ажлыг төлөвлөж хяналт шалгалтын болон бусад төрлийн нөлөөллийн ажил зохион байгуулахаар тусгадаг.

Өнгөрсөн онд ИТХ-ынТэргүүлэгчдийн тогтоол болон хурлын даргын захирамжаар нийт дөрвөн ажлын хэсэг томилогдож,тодорхой үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, дүгнэлтийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж аймгийн Засаг даргад тогтоол болон албан бичгээр хугацаатай үүрэг чиглэл өгч, хяналт тавин ажиллаж байна.

-Зөрчил дутагдал их гарч байна уу?

-Улс аймгийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бүтээн байгуулалтын ажилтай холбоотой гарсан зөрчил дутагдлыг засах, залруулах, чанартай гүйцэтгэх чиглэлээр холбогдох байгууллагууд, ажил хариуцсан хүмүүст шаардлага, зөвлөмж хүргүүлсэн.

Жишээ нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны зургадугаар сарын 07-ны  “Хяналт шалгалтын ажил зохион байгуулах тухай” 46 дугаар тогтоолоор Хурлын хороодын хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж буй төсөл арга хэмжээний төлөвлөлт, худалдан авах ажиллагаа, санхүүжилт, тэдгээрийн хэрэгжилт, ил тод байдал, гүйцэтгэлд хөндлөнгийн хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэсэн.

Ажлын хэсэг Сайншанд, Эрдэнэ, Замын-Үүд суманд ажиллаж  Ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөмжийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурлаар хэлэлцээд аймгийн Засаг даргад холбогдох үүрэг чиглэл өгч хяналт тавьж ажиллаж байна.

-“Төлөөлөгчдийн өдөрлөг” гэх арга хэмжээг сум бүрт зохион байгуулсныг санаж байна.Тухайн  сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч хийсэн ажлаа танилцуулах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, цаашдын ажилдаа тусгах, хурлын үйл ажиллагааг таниулан сурталчлах гээд олон зорилго өвөрлөсөн байх?

-Төр засгийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал, хүсэлтийг сонсож хүлээн авах, шийдвэрлэх гарцыг хайх, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн ойлголт хандлагыг дээшлүүлэх зорилготой “Төлөөлөгчдийн өдөрлөг” арга хэмжээг Дорноговь аймгийн 14 суманд зохион байгуулсан.

Өдөрлөгийн үеэр уулзалт, хурал, сургалт мэдээллийн ажил хийж  иргэд, төлөөлөгчдийг хамарсан спортын уралдаан тэмцээн, туршлага солилцох уулзалт болж төрийн байгууллагууд ч үйлчилгээгээ хүргэсэн.

Мөн ИТХ-ын үйл ажиллагааг эрх зүйн үндсээс нь эхэлж энгийн ойлгомжтой тайлбарлаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажилласан нь үр дүнтэй болсон.

Өдөрлөг болохын өмнө аймаг, сумын төлөөлөгч бүр айл өрхөөр орж, малчдын хотонд очиж, саналын хуудсаар иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг судалсан төдийгүй өдөрлөгийн үеэр санал хүсэлтүүдийг нэгтгэн танилцуулж шийдвэрлэхээр ажилласан нь үр дүнтэй болсон.

Төлөөлөгчийн өдөрлөгөөр “Төлөөлөгч мэдээлж байна” сонин хэвлүүлж аймаг, сумын ИТХ, төлөөлөгчдийн үйл ажиллагааг сурталчилсан.

Арван долоон удаагийн уулзалтад 1300 иргэд хамрагдсанаас гадна өдөрлөгөөр зохион байгуулагдсан бусад төрлийн арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 4000 гаруй иргэд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдэд ойр төлөөллийн байгууллага байхын төлөө ажиллаж байна.

-Аймаг бүрийн ИТХ-ын дэргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл ажилладаг. Танай салбар зөвлөл хэрхэн ажиллаж байна вэ?

-Гэмт хэрэг гарсаны дараа бус гарахаас урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн дагуу аймгийн ИТХ-ын дарга аймгийн ГХУСАЗСЗ-ийг ахалж ажиллаж байна.

2018 оны аймгийн ИТХ-ын ажлын албаны төсөвт нийт 101,595,000 сая төгрөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлын төсөв тусгасныг  зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

Аймгийн ГХУСАЗСЗ 2018 онд нийт таван удаа хуралдаж, 28 тогтоол баталсан. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны 01 тоот тогтоолоор 2018 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ерөнхий, тусгай, сургалт, сурталчилгаа гэсэн нийт гурван зорилт, 70 зүйл заалттай боловсруулж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлсэн юм.

Хар тамхи мансуурах бодисоос иргэдийг хамгаалах, хууль сахиулах,  эцэг эхийн нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах, “Архичид аминчлахуй” нийгэмлэгийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж гарын авлага, сурталчилгааны материал хэвлүүлэх гээд чамгүй л  ажил зохион байгууллаа.

“Аюулгүй тээвэр-Амь насны баталгаа” сарын аяныг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, хяналт шалгалт, сурталчилгааны болон замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, бусад хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нийт 20 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхэд үр дүнд нь зам тээврийн осол өмнөх оноос буурч байх жишээтэй.

Архинаас өөрсдийн ухамсраар татгалзах, архинд донтох өвчнөөс ангижирахыг хичээж байгаа хүмүүст туслах ажил чухал юм. Бид “АА” бүлгэм, давхар хамаарлын нөхөрлөл бүлгүүдийг олон нийтэд сурталчлах зорилго бүхий “Мэргэжилтний баг”-ийг дэмжиж идэвхжүүлэх чиглэлээр ажилласан. Энэ нь ч  үр дүнгээ өгсөн.

-ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрүүдийн талаарх мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

-Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа хүмүүст нээлттэй. ИТХ болон тэргүүлэгчдийн хуралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд ил тод хүргэж байна. Үүнээс гадна сонирхсон хүн бүхэн аймгийн ИТХ-ын веб хуудаст зочилж тухайн хуралдааны талаарх тогтоол шийдвэрүүдийг үзэх боломжтой.   

-Төгсгөлд нь танаас энэ онд хийхээр төлөвлөсөн зарим ажлын талаар сонсоё?

-Олон ажил бий. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн төлөө хамтдаа” хөтөлбөр болон  аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хагас, бүтэн жилийн биелэлтийн явцад хяналт тавих, улс аймгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гүйцэтгэлд хяналт тавих зэрэг үндсэн ажлаа үргэлжлүүлнэ.

Аймгийн хэмжээнд 2019 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох,  улс, аймгийн тусгай хамгаалалт болон тусгай хэрэгцээнд зарим газрыг  авах тухай асуудлуудыг хэлэлцэхдээ иргэдийн эрх ашгийг дээдэлж зөв бодлого хэрэгжүүлэх, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч хяналт тавих гээд ажил ундарна.

Холбоотой мэдээ