Нийтийн тээврийн автобусны хорт утааг 80 гаруй хувиар бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-13 18:17:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн хэрэгслийн хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах DPF технологийн шүүлтүүрийг Монгол Улсад нэвтрүүлнэ. Энэ тухай санамж бичгийг БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газартай хамтран байгуулав. 

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нийтийн тээврийн автобусанд суурилуулах юм. Тус компани нь эл төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай бөгөөд БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг долоон улсад энэхүү төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр манай улсын дөрвөн том оврын автобусанд тус төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилуулсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийхэд хорт утаа 50-60 хувь буурсан үзүүлэлт гарчээ.

Санамж бичиг байгуулах ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ