Мал, малчдыг усаар хангахад анхаарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-13 16:19:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйгээс мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар тууж услаж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй, мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна.

Тиймээс худаг, уст цэгийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ талаар орон нутгийн удирдлагууд, малчид, иргэдээс ирүүлж буй саналын дагуу малын тарга тэвээрэг доройтохоос өмнө Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл борлуулж олгох, ундны ус зөөврийн автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрийг хангах цахилгааны нөөц эх үүсвэрээр хангах талаар ХХААХҮЯ-наас гаргасан саналыг Улсын онцгой комисст уламжлан, шийдвэрлэхээр болоод байна.   

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан битүү цастай, хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.


ХХААХҮЯ, ОБЕГ-аас томилсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийгээд байна. Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан. Мөн ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа тул малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад мөн зөвлөжээ.  

Холбоотой мэдээ