Баян-Өлгийд "Банкны хөгжил-95" аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-15 10:22:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас зохион байгуулж буй “Банкны хөгжил -95 жил” аян энэ сарын 14-ний өдөр Өлгий хотод нээлтээ хийлээ.

Аяны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл, Монголбанкны салбарын захирал Х.Серёжа болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг ХААН, Хас, Голомт, Капитал, Капитрон, Төрийн банк зэрэг арилжааны зургаан банкны удирдлага, эдийн засагчид оролцлоо.

Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Х.Серёжа аяныг нээж хэлэхдээ 1924 онд Зөвлөлт Орос Улстай хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг байгуулснаар манай улсад нэг шатлалт банкны тогтолцоо бий болж, 1991 онд хоёр шатлалтай тогтолцоонд шилжин орчин үеийн банк үүссэнийг дурдаад, дээрх аяны хүрээнд иргэд харилцагчдад чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулж, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

“Банкны хөгжил-95 жил” аян нь ирэх зургадугаар сарын хоёрны өдөр хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ