Хоёр дайны голомтоос мэдээлсэн ууган сонин 95 жилийн ойгоо тэмдэглэв

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-15 15:40:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчнийг ард иргэдтэй холбох гүүр болсон “Соёмбо” сонины түүхт 95 жилийн ойн баярын хурал Офицеруудын ордонд өнөөдөр болов.


Тус сониныг анх Их зохиолч Д.Нацагдорж санаачилж, 1924 оны хоёрдугаар сарын 5-нд "Ардын цэрэг" нэртэй анхны дугаараа гаргаж байжээ. Энэ цагаас хойш, "Улаан од", "Тусгаар тогтнол" зэрэг нэртэйгээр уншигч олноо хүрч байсан юм.



Баярын хуралд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар оролцож үе үеийн сэтгүүлчдэд баяр хүргэлээ. Мөн үеэр, монголын ууган сонин “Соёмбо”-ын хөгжил, түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв.



Баярын хурлын хамгийн эрхэм хүндтэй зочноор өдгөө 100 насыг зооглож буй ахмад дайчин, "Соёмбо" сонины эрхлэгч асан, хурандаа Ж.Ядмаа байв. Тэрбээр 1939, 1945 оны дайны голомтоос мэдээ мэдээллийг дамжуулж, ялалтын халуун мэдээг Монголынхоо ард түмэнд хүргэсэн төдийгүй сонины эрхлэгчээр 26 жил ажиллажээ. Тэрбээр, “энэхүү сониныг төр засаг өндрөөр үнэлж, алдар гавьяаг нь мөнхжүүлж ирсэн” хэмээн онцлоод, шинэ үеийн сэтгүүлчдэд улам их амжилтыг хүслээ.



Баярын хурлыг нээж Соёмбо сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр хэлэхдээ, “Аливаа ойн баярыг тэмдэглэнэ гэдэг нь өнгөрсөн түүхийг тодотгох, олон нийтэд сурталчлах, өнөөдрийн ололт амжилтаа үнэлэн, дараагийн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой. Тиймээс сонины ойг тэмдэглэх нь бидэнд өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг тохиож байна” хэмээв.



Сонины эрхлэгч асан, хурандаа Б.Чинбат, “Соёмбо сонин нь Монголын ууган сонины нэг юм. Өнгөрсөн түүхэндээ зэвсэгт хүчин, нийгмийн гүүр болж, мэдээллийг дамжуулах үүргийг хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Тухайлбал, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайны голомтоос нийт 80 гаруй дугаар гаргажээ. Төрөөс энэхүү гавьяаг нь үнэлж, “Сүхбаатар одон”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” зэргээр шагнасан” гэлээ.



Монгол Улсын Батлан хамгаалах салбар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, алдар цуугаа дэлхийн чихэнд цуурайтуулсан. Энхийг сахиулах ажиллагаанд тус сонины сэтгүүлчид оролцож, ажиллагааны газар орноос мэдээлэл, нийтлэл бичиж, Монголынхоо энхийг сахиулагчдын алдар гавьяаг олон улсад сурталчилдаг байна.



Тэдний нэг болох “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Б.Мөнхзориг, “Цэргийн сэтгүүлч нь хоёр төрлийн мэргэжлийг хослуулдаг маш онцлог алба бөгөөд энэхүү албанд зүтгэж байгаадаа бахархдаг. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд мэдээ, сурвалжлага бэлтгэнэ гэдэг эрсдэлтэй ч ховорхон тохиох нэр төртэй албыг хашсандаа баяртай байна” гэлээ.



Соёмбо сонины сурвалжлагч, дэслэгч Д.Болормаа, “Цэргийн сэтгүүлчид өнгөрсөн 95 жилийн түүхэндээ Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ утгаараа Батлан хамгаалахын салбарын дуу хоолой, өнгө жавхаа нь болдог. Энэ алдар хүндтэй сониныхоо ахмад сэтгүүлчдийнхээ алдар хүндийг унагаахгүй, өндөрт өргөж явахыг хичээдэг. Миний хувьд, эх орныхоо төлөө жагсаад, алхаж буй эх оронч хөвгүүдээ харахад сайхан санагддаг. Тэднийг хүндлэх, эх оронч үзлийг ард түмэндээ хүргэхээр нийтлэл бичихийг хүсэж, шатаж явдаг” гэлээ.  



Энэхүү сониноос төрөн гарсан төр, нийгмийн олон зүтгэлтэн байдаг аж. Тухайлбал, Монгол Улсын дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Эрүүл мэндийн сайд асан Т.Ганди, СГЗ, хошууч генерал Л.Пүрэвдорж, Ардын армийн улс төрийн нэгдүгээр орлогч дарга асан, хошууч генерал Г.Дугарсүрэн, СГЗ А.Баярмагнай, Б.Чантуу, Д.Жамъян, Шинжлэх ухааны доктор, хурандаа Х.Шагдар, сэтгүүл зүйн доктор, хурандаа Г.Сумъяа зэрэг эрхэм хүндтэй хүмүүсийг өлгийдөж байжээ.

Холбоотой мэдээ