Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-02-15 15:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонслоо.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа, УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж, УБХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Б.Ламжав, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл болон Н.Лувсанжав, Г.Чулуунбаатар, Ц.Сарантуяа, Б.Гүнбилэг, П.Амаржаргал, О.Мөнхсайхан, О.Машбат, Д.Гангабаатар нарын зэрэг эрдэмтэн судлаач үг хэлж, санал бодлоо илэрхийллээ.

Тэд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хойшлуулалгүй, зэрэгцүүлж хийх, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал нийлж байгаа, түлхүү дэмжлэгтэй цөөн, гол асуудалдаа төвлөрөх, нэмэлт өөрчлөлт хийх үзэл баримтлалаа нарийвчлан тодорхойлох, ажлын хэсгээ өргөтгөж, бусад намууд, иргэд, байгууллагын оролцоог хангах, улмаар үндэсний болон улс төрийн зөвшилцлийн хэмжээнд өөрчлөлтөө хийх, үйл ажиллагаагаа УИХ-ын тогтоол гаргаж эрчимжүүлэх, байнгын тасралтгүй ажиллагааг хангах, 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалаа хөндөхгүй байх, парламентын засаглалаа улам төгөлдөржүүлж бэхжүүлэх, туйлшрал, улстөржилт, популизмаас аль болох ангид байх зэрэг саналыг хэлж байлаа.

Тэдний хэлсэн үг, дэвшүүлсэн санал нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зайлшгүй, өнөөг хүртэл хийсэн ажлаа зогсоолгүйгээр тууштай үргэлжлүүлж, улс төрийн эр зориг гаргах нь зүйтэй гэдэгт чиглэж байна.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, Ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намууд саналаа багцалж, албан бичгээр ирэх 7 хоногт багтаан УИХ-д ирүүлэхийг хүслээ.

Эдгээр санал, ажлын хэсгийн бэлтгэсэн төслийн хувилбарыг хамтатган шүүн тунгаах замаар эцэслэн боловсруулж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Бидэнд эргэж буцах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадахгүй бол Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжилд учирч болох эрсдэлээс сэргийлж чадаагүй эл үйлдлийнхээ төлөө хожим түүхэн хариуцлага хүлээж болзошгүй гэв. 

Холбоотой мэдээ