Улсын гуравдугаар төв эмнэлэг шилдгээр тодров

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-15 18:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зохион байгууллаа.

Хоёр өдөр үргэлжилсэн уг зөвлөгөөнд эрүүл мэндийн салбарын 170 гаруй удирдах албан тушаалтан ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэв.

Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны  зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусын эрт илрүүлэх оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг  бууруулах зэрэг багтаж байгаа юм.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудыг 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүлэв.


ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс нэгдүгээр байрыг Улсын гуравдугаар төв эмнэлэг,  хоёрдугаар байрыг ГССҮТ, гуравдугаар байрыг ХСҮТ,  ЗӨСҮТ төв тус тус эзэллээ. Харин Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудын нэгдсэн дүнгээр Увс аймаг нэгдүгээр байр, Дорнод аймаг хоёрдугаар байр, Дорноговь аймаг гуравдугаар байрт шалгарсан юм.

Холбоотой мэдээ