Баян-Өлгийн хуульчид аймгийн төв номын санд 250 гаруй ном хандивлажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-16 14:57:23

          Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Өмирбекийн санаачилгаар тус аймгийн хуульчид Т.Ахтаны нэрэмжит аймгийн Нийтийн төв номын санд 254 ширхэг хууль зүйн ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны тайланг номын сангийн удирдлага, уншлагын танхимын эрхлэгч нарт хүлээлгэн өгчээ.

        Уг ажил нь номын санд шинээр хууль зүйн номын фонд байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд дээрх номуудыг тус аймгийн  53 хуульч хувиасаа хандивласан байна.

            Хуульч С.Өмирбек номыг хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хуульч хүний нийтийн, нийгмийн тусын тулд явуулдаг үйл ажиллагааны нэг төрөл нь иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих явдал гэдгийг онцолж шинээр байгуулагдсан хууль зүйн чиглэлийн номын фондыг улам баяжуулах ажилд хуульчид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ уламжилсан байна. 

Баян-Өлгий аймгийн аймгийн Нийтийн төв номын сан 1948 онд үүсгэн байгуулагдаж, 1989 онд улсын хоёрдугаар зэрэглэлийн номын сангийн эрх хэмжээтэй болсон аж. Гэвч  сүүлийн жилүүдэд номын сангийн хууль зүйн чиглэлийн номын фонд шинэчлэгдээгүй тул орчин үеийн шинэ бүтээлүүдээр баяжуулах, номын фондыг шинээр бий болгох саналыг байгууллагын захирал Д.Алтынгүл, уншлагын танхимын эрхлэгч Т.Күлзима нараас гаргасныг хуульчид, Монголын Хуульчдын холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар ийнхүү биелүүлсэн байна.  


Холбоотой мэдээ