Сонгон шалгаруулалтын шаардлагыг дур мэдэн өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 10:10:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэтийн дулааны цахилгааны станцын шинэчлэлт” төслийн зохицуулагчийг сонгох шалгаруулалтыг Эрчим хүчний яамнаас дур мэдэн өөрчилжээ. Энэхүү зөрчлийн АТГ авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд зөрчил арилгах шаардлагыг тус яаманд хүргүүлсэн байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын өнгөрсөн оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 278 дугаар тушаалаар байгуулсан дээрх шалгаруулалтын ажлын хэсэг нэг ч удаа хуралдаж, сонгон шалгаруулалтын асуудлыг хэлэлцээгүй байна. Тэгсэн атлаа уг ажлын байранд тавигдах шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдлыг АТГ-ын хяналт шалгалтаар тогтоожээ.

Тухайлбал, “Монголын Үнэн” сонинд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу гурван иргэн материал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэж шийдвэрлэлгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Өнөөдөр” сонинд дахин зар байршуулсан байна. “Өнөөдөр” сонинд байршуулсан зарын дагуу иргэдээс материал ирүүлээгүй тул өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр “эрчим хүчний болон дулааны инженер, англи, орос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх” гэсэн нарийвчилсан үндсэн шаардлагыг “инженер”, “англи хэлний зохих мэдлэгтэй” гэж өөрчлөн зарлажээ.

Дээрх өөрчлөлтийг оруулсан үндэслэлээ тайлбарлахдаа “төсөл хэрэгжүүлэх газар зүйн байршил, хэрэгжих ажлын техникийн шаардлагыг харгалзан ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байгаа ч энэ талаар ажлын хэсгийн хуралдааны шийдвэр гаргаагүй байна.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.11-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг бий болгож байх тул төслийн зохицуулагчийн сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжид заасны дагуу явуулахыг Эрчим хүчний яаманд албан бичгээр мэдэгдлээ.

Холбоотой мэдээ