Сайн дурын ажилтнуудтай хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-02-18 12:04:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд хотноо ажиллаж амьдарч байгаа сайн дурын ажилтнуудтай танилцах, туршлага судлах, хамтын ажиллагааг эхлэх зорилгоор "Дорнын Манлайлагч Залуус" ТББ-аас “Name card meeting” уулзалтыг анх удаа зохион байгууллаа.

Хамтран зохион байгуулагчаар “Соёмбо” номын сан, “Дорнын тусгал” гэрэл зургийн холбоо ажилласан бол уулзалтад Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон залуус, сурагчид оролцсон. Эдүгээ Сайншанд хотод олон улсын байгууллагын 10 гаруй сайн дурынхан ажиллаж амьдарч байна.

Тэд АНУ, БНХАУ, Япон, Солонгос Улсаас ирсэн бөгөөд Сайншанд хот дахь ерөнхий боловсролын сургуулиуд, БСУГ, БТСГ-т ажиллахаас гадна хичээлээс гадуур залуус, сурагчдад зориулсан хэлний сургалт, клубт оролцдог.

Анх удаа зохион байгуулсан уулзалтаар мөс хагалах дасгал, иргэний нийгмийн байгууллагын танилцуулга, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.

Уулзалтаар олон улсын сайн дурынхантай тогтмол уулзаж байх, сайн дурын ажил зохион байгуулах, орон орны соёлоос суралцах, аялах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх санаачилга гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ