KFC-гийн хоёр ажилтнаас шигелийн халдвар дамжсан гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-18 14:40:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “KFC зайсан” салбарын хоол үйлдвэрлэгч хоёр ажилтнаас шигелийн нян үйлчлүүлэгчид халджээ хэмээн дүгнэсэн тухай НМХГ өнөөдөр мэдээллээ. Тус хоолны газрыг хянан шалгасан лабораторийн шинжилгээ, өвчний хэлбэрт үндэслэн ийнхүү дүгнэсэн байна.  


Тус салбараар энэ сарын 8-12-н хүртэл үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого тусаж, улмаар НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоон, шалгаж эхэлсэн. Мөн ХӨСҮТ, НМХГ-ын лабораторид шинжилгээ хийсэн бөгөөд өнөөдөр хариу нь гарсан байна. Өнөөдрийн байдлаар “KFC Зайсан” салбараар үйлчлүүлж, халдвар авсан 247, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 42 өвчтөн байна. Шалгалтаар өвчтөнүүд шигелийн нянгийн халдвар авсан болохыг тогтоосон байна.



НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтэс /ЭМБСХХ/-ийн дарга Д.Цэнд-Аюуш, “Зайсан KFC салбарт зургаан өдөр ажиллалаа. Тус салбарын 35 ажилтны эрүүл мэндийн үзлэгийн дэвтрийг шалгахад, арьсны халдварт өвчний үзлэгт хамрагдаагүй, шинжилгээ хийсэн эмч, албан тушаалтны гарын үсэг, тэмдэггүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Мөн ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдлыг хянах дотоод ажил дутмаг, холбогдох бүртгэл хөтлөөгүй зэрэг зөрчилтэй байна. Түүнчлэн тус салбарын зарим тогооч, ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан” гэв.


Мөн тус салбарын сэжигтэй хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ундны ус, ундаа зэргээс 39 дээж, мөн ажлын байрны тоног төхөөрөмжийн угаалга, цэвэрлэгээ, халдварыг ариутгасан эсэхийг тогтоох 94 сорьцыг ХӨСҮТ, НМХГ-ын төв шинжилгээний газрын туршилтад өгчээ.

ХӨСҮТ-өөс дөрвөн өвчтөн, хоёр хоол үйлдвэрлэгчээс авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян илэрсэн байна. Харин  НМХГ-ын төв шинжилгээний газрын туршилтаас, тухайн салбарын хэрэглэдэг ундны усанд бичил биетний тоо зөвшөөрөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152, “Klebsiella” нян, мөн “Seven up” нэрийн ундаанаас “E-coli” хэмээх нян илэрчээ.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Б.Баянхутаг, “Шинжилгээний газрын туршилтаас үзэхэд, Зайсан салбарын ажилтан нь цусан суулга өвчин үүсгэдэг шигел өвчний нянгийн халдвартайгаа мэдэхгүй явж байгаад үйлчлүүлэгчдэд хоол хүнсээр өвчин дамжуулсан байна. Тухайн салбарын ажилчид хоол үйлдвэрлэхдээ, эрүүл ахуйн зохистой дадал мөрдөж ажиллаагүй, дотооддоо хянах ажил дутмагаас болж, дээрх өвчний нян халдварлан, иргэд хоолны хордлого болсон гэж дүгнэлээ. Хоёр ажилтнаас нянгийн халдвар илэрсэн нь Таван богд хүнс компанийн хариуцлагагүй байдлыг харуулж байна” хэмээн онцлоод, “бусад илэрсэн зөрчил бүрт торгуулийн арга хэмжээ авч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд KFC-гийн нийт 11 салбарыг шалгахаар төлөвлөөд байна” гэв.


Тухайн өвчин нь хүнээс хүнд буюу ам, хоол хүнс, ус, ахуйн хавьтлаар дамждаг аж. Өвчин үүсгэгч нь гадаад орчинд өтгөнөөр гарч, газрын хөрс, ус, ахуйн ба үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд дамжиж, ус, хүнсний зүйлтэй холилдон хүний биед амаар орж халдварладаг байна. Тухайн хоол үйлдвэрлэгч ажилчид Шигелийн халдварыг хаанаас авсныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа аж.


Харин усны тухайд, тус салбар нь хажуудаа гүний худгаас усаа хангадаг бөгөөд 100 метрийн гүнээс гардаг байна. Тус худгийг өнгөрсөн онд шинжилгээнд хамруулахад шаардлага хангасан үзүүлэлттэй байсан бол, түүнээс хойш ямар шалтгаанаар ус бохирдсон болохыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллага ажиллаж байгааг албаныхан хэлэв.  НМХГ-аас Зайсан дахь KFC салбарын үйл ажиллагааг зогсоож, ажлын байрны угаалга цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. 

Холбоотой мэдээ