“Huawei” компанийн талаархи АНУ-ын байр суурийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-19 12:01:03

БЭЭЖИН. /Xinhua/. Huawei” компанийн талаархи АНУ-ын байр суурийг няцаасан мэдэгдлийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас даваа гарагт хийсэн байна.


"Дэлхийн бүх улс орон шударга өрсөлдөөний зарчмыг баримталж, шударга ёс, зах зээлийн орчинд ялгаварлан гадуурхахгүй байхыг хамтран мөрдөнө хэмээн БНХАУ найдаж байна" гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Huawei” компани 5G технологийг нэвтрүүлэх түншүүдээ хайж буй энэ үед тус компанийн бүтээгдэхүүн аюулгүй байдалд заналхийлж болзошгүйг АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс холбоотон орнууддаа анхааруулсан ажээ. Тэрбээр энэ тухай өнгөрсөн бямба гарагт болсон аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Мөн Хятадын Үндэсний тагнуулын хуулийн дагуу “Huawei” болон “ZTE” зэрэг компанийг тагнуулын байгууллагад мэдээллээ өгөхийг шаарддаг тухай АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн ажээ.


Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Гэн Шуаны мэдээлснээр, дээрх мэдээллүүд нь буруу ташаа бөгөөд Үндэсний тагнуулын хуульд байгууллагууд болон иргэдийн үүргийг заасан байдаг ажээ. Түүнчлэн тус улсын тагнуулын байгууллага нь хуулиудыг дагаж мөрдөж, хүндэтгэж, хүний эрхийг хамгаалж, бие хүн болон байгууллагуудын эрх ашгийг хамгаалах ёстой аж.


БНХАУ нь мэдээ мэдээлэл цуглуулах зорилгоор ямар нэг байгууллага, хувь хүнд хууль дүрмийг зөрчих шаардлага тавьж байгаагүй гэж хэвлэлийн албаны төлөөлөгч нэмж хэлсэн байна. 

Холбоотой мэдээ