Боулингийн “Winners” клуб нээлттэй тэмцээнд тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Боулинг Сонирхогчдын Холбооноос өнгөрсөн ням гарагт “Big bowling” төвд ганцаарчилсан болон холимог багийн нээлттэй тэмцээн болж, нийт 45 тамирчин авьяас, ур чадвараа сорьж шилдгүүдээ тодруулсан байна.
Энэхүү тэмцээний онцлог нь клуб, чансаа үл харгалзан сугалаагаар багуудыг бүрдүүлж, өрсөлдөгчдийг нэг багт оруулсан бөгөөд эмэгтэй тамирчдаа дэмжихийн тулд тоглолт бүр дээр +10 оноо өгч урамшуулжээ. Сугалаагаар бүрдүүлсэн 5 хүнтэй холимог багийн аваргаар Г.Жаргалсайхан, Б.Батболд, С.Түмэнжаргал, Г.Төмөрбаатар, Ц.Лхаасүрэн нарын баг тодорч аваргын цом, алтан медалийн эзэд боллоо. Мөнгөн медалийг Д.Мурат, Т.Долгормаа, З.Гэрэл, Э.Энхбадрал, С.Баярхүү нарын баг, хүрэл медалийг Э.Харцага, П.Одхүү, Б.Мягмарцэнд, Л.Оюунбаяр, Б.Тамир нарын баг хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний гурван байрыг шинэхэн байгуулагдсан “Winners” клубын тамирчид болох Ц.Батжаргал, Х.Хишигбат, Э.Золбоо нар эзэлсэн юм. Эмэгтэй ганцаарчилсан төрлийн эхний хоёр байранд мөн л “Winners” клубын З.Гэрэл, Б.Мягмарцэнд нар өнгөлж, ТЭЦ-3 клубын Л.Цэцэгсүрэн гуравдугаар байранд шалгарлаа.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр “Big bowling” клубын тамирчин, спортын мастер, Ц.Лхаасүрэн (245 оноо), эмэгтэйчүүдээс “Winners” клубын залуу тамирчин Э.Хунтогос (227 оноо) нар тодорсон. Ганцаарчилсан төрөлд нэгээр гарсан тамирчин 16-д орсон тамирчинтай халз тоглох зарчмаар эрэгтэй 16, эмэгтэй 8 тамирчин хоорондоо халз тоглосон.
Энэ үеэр өндөр оноо авсан, өндөр цолтой тамирчид доороос гарч ирсэн шинэ тамирчдад өвдөг шороодсон нь залуучууд бэлтгэл сайтай, өрсөлдөөн өндөрсөж байгааг дахин нотоллоо.