Их Британи болон Израиль “Brexit”-ийн дараа худалдаагаа үргэлжлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-19 15:50:39

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британи болон Израиль улс “Brexit”-ийн дараа хоёр орны худалдааны харилцааг тасалдуулахгүй байх тухай гэрээ байгуулжээ. Энэ талаар Их Британийн Олон улсын худалдааны яамны мэдээлэлд дурдсан байна.


“Худалдааг тасралтгүй үргэлжлүүлэх тухай гэрээ нь Их Британи Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарсны дараа Израильтай худалдаагаа үргэлжлүүлэн хийх боломжыг компаниуд болон хэрэглэгчдэд олгоно” гэж тус яамны мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.


Уг гэрээнд Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиам Фокс, Израилийн Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Эли Кэн нар даваа гарагт Иерусалим хотноо гарын үсэг зурсан байна. Талууд одоо хэрэгжиж буй худалдааны нөхцөлийг хэвээр үлдээсэн бөгөөд ингэснээр компаниуд нэмэлт тарифаас зайлсхийх, ажлын орон тоог хэвээр хадгалах боломжтой болно.


2018 оны гуравдугаар улирлын эцэст хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 4 тэрбум фунт стерлинг /5 тэрбум гаруй ам.доллар/ болсон байна.


Их Британи энэ оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос бүрэлдэхүүнээс гарах ёстой юм. Харин тус улсын парламент болон Засгийн газар ЕХ-ноос гарах нөхцөлийн талаар хараахан тохиролцоонд хүрч чадаагүй байгаа бол ЕХ одоохондоо Их Британитай хэлэлцээ хийхээс татгалзаж байгаа юм.

Холбоотой мэдээ