16 настай орчуулагч

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-02-22 15:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Хэд хоногийн өмнө хөдөлмөрч зан, хүсэл мөрөөдөл дүүрэн 10 настай бяцхан зохиолч Б.Индра охин “Монгол ТВ”-ийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцон хөрөнгө оруулалт авч цаашид номынхоо цувралыг гаргах боломжтой болсон билээ. Өдгөө түүний бяцхан хүүхдүүдэд зориулсан “Бүжингийн цуврал” хэдийн уншигчдын хүртээл болоод буй.


Тэгвэл мөн дэлхийн хүүхдийн зохиолын сор бүтээлийн нэг Францын зохиолч Антуанде Сент-Экзюперийн “Оддын хан хөвгүүн” номыг нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Элбэг англи хэлнээс хөрвүүлэн уншигчдын хүртээл болгожээ. Номын орчуулагч Э.Элбэг нь уг номыг зургадугаар ангидаа анх уншсан гэнэ. Үүний дараа тус номын утга санааг өөрийнхөөрөө тайлж, илүү гүн гүнзгийгээр таньж мэдрэхийн тулд орчуулахаар зориг шулуудсан байна.


Антуанде Сент-Экзюперийн “Оддын хан хөвгүүн” зохиол нь 1942 онд бичигдсэн бөгөөд түүний үүлэн дээгүүр нисэн өнгөрүүлсэн асар олон цагийн нислэг, хэд хэдэн удаагийн онгоцны осол, үхэл амьдралын заагт ертөнц хорвоог ухаарсан ер бусын хувь заяаны эргүүлэг дэх гайхамшиг болон мөнхөрсөн юм. Уг бүтээл нь англи, герман, орос, итали, испани, хятад, япон зэрэг 200 гаруй хэлнээ хөрвүүлэгдсэн байна. Ингээд та бүхнийг орчуулагч Э.Элбэгтэй танилцуулж байна.


-“Оддын хан хөвгүүн” зохиолтой анх хэрхэн яаж танилцсан бэ?


-Хамгийн анх дөрвөн жилийн өмнө Т.Төмөрхүлэг гуайн орчуулгаар уншиж байсан. “Бяцхан хунтайж” нэртэй, жижигхэн цэнхэр ном миний сонирхлыг ихэд татсан. Тэгээд судалж үзтэл, 1975 онд Ц.Сүхбаатар гуай анх орчуулсан юм билээ. Дараа нь Т.Төмөрхүлэг, Б.Наминчимэд нар өөр өөрсдийнхөөрөө уран яруу утгачилж уншигчдын хүртээл болгосон байдаг. Тус номыг уншиж дууссаны дараа дан гагц хүүхдэд зориулагдаагүй гүн гүнзгий утга санаатай ном болохыг нь мэдсэн. Тэгээд л энэхүү зохиолд шимтэн дурлаж, дөрвөн жилийн дотор бараг 100- гаад удаа уншсан даа.


-Монгол хэл дээр уншчихсан боловч англи хэл дээрхийг нь дахин харсан юм байна шүү дээ. Яагаад заавал энэ зохиолыг орчуулахаар болсон бэ?


-Тэр том орчуулагчид утга яруу хөрвүүлсэнд нь би баярладаг. Гол нь энэ зохиол зүрх сэтгэлд маань ойрхон, гоё санагдсан. Тийм учраас тус зохиолыг өөртөө бүрэн нээж өгөхийн тулд хөрвүүлэх оролдлого хийсэн.




-“Оддын хан хөвгүүн”-тэй цуг аялж байхад дотор чинь ямар мэдрэмж төрсөн бэ, орчуулах явцад ямар үйл явдал нь хамгийн гоё санагдсан бэ?


-Сент-Экзюперийн энэхүү бүтээл дэлхийн олон оронд орчуулагдсан байдаг. Яагаад ингэж ихээр уншигчдын сонирхлыг татсан юм бол, зохиолын гол философи нь яг юу вэ гэж их бодсон. Анх уншихад миний сэтгэл баярын мишээлээр дүүрсэн боловч төгсгөл хэсэгт нь хөнгөн гунигтай хоцорсон доо.


Надад таалагддаг үйл явдал нь гэвэл үнэг хүү хоёр уулздаг хэсэг. Үнэг нь хүүд “Чи намайг сурга” гэж хэлдэг боловч хүү өөрийн ажилтай замыг хөөхийг илүүд үздэг. Гэтэл үнэг “Би чамайг танихгүй, чи бол миний хувьд эгэл жирийн түмэн хүүхдийн адил нэг, бяцхан жаал. Би чиний хувьд бусад үнэгний адил зүгээр нэг үнэг төдий юм. Харин чи намайг сургавал бид хоёрын хооронд хамгийн нандин холбоог үүсгэнэ” гэж хэлдэг. Эндээс нөхөрлөлийн үнэ цэнэ, багш шавийн барилдлага харагддаг. Мөн чанар хэзээ ч нүдэнд ил харагддаггүй учраас амин чухал зүйлийг зүрх сэтгэлээрээ ажих хэрэгтэй. Басхүү нэг л харандаагаар зур, олон харандаа чамд хэрэггүй гэх мэт олон утга санааг дотроо агуулсан байдаг.


-Тэгэхээр чиний олж авсан философи санаа нь энэ үү?


-Хамгийн гол нь хувь хүн өөрийн зүрх сэтгэлдээ ойрхон, хийхийг хүссэн зүйлдээ тууштай хандах хэрэгтэй. Тэгснээр тухайн хүн аз жаргалтай байх болно. Энэ л зохиолын хамгийн том философи санаа юм.


-Өөр олон гоё хүүхдийн зохиол байдаг шүү дээ. Түүн дундаас заавал Сент-Экзюперийн тус номыг сонгох болсон шалтгаанаасаа хуваалцахгүй юу?


-Би энэ номтой анх учирснаар л ном уншдаг болсон. Өмнө нь би бол “шалдар булдар” бүтээлүүд уншиж байснаа сэхээрсэн. Надад хүмүүст өгдөг зөвлөмжийн бүтээл, амьдралд дагаж мөрдөх зарчим зэрэг бүхий агуулгатай ном таалагддаггүй. Тийм ч учир хамгийн анх учирсан бүтээлийнхээ үнэ цэнийг өөртөө тодорхойлох шаардлага гарсан. Ингээд хөрвүүлэхээр зориглосон доо. Уран зохиолын орчуулга хийх үнэхээр амаргүй, хэцүү ажил юм билээ.


-Юу нь хэцүү байсан бэ, хэрхэн орчуулсан талаараа яриач?


-Би сургуулийнхаа номын сангийн авиа зүй, зөв бичгийн толь зэрэг бүх л монгол хэл дээрх бүтээлүүдийг уншиж дуусгасан. Ганцхан ном орчуулахын тулд хүн дуусашгүй олон ном унших шаардлагатай гэдгийг ойлгосон. Б.Ренчин гуайн  “Монгол хэлний зүй”-г хамгийн их шагайж суусан даа.  Мөн орчуулга хийх явцдаа Шопений аялгууг сонсох таатай байдаг.


-Энэ номыг орчуулж ард гарах тэр хугацааг хүртэл чамайг юу зоригжуулж байсан бэ?


-Эхлүүлсэн ажлаа заавал дуусгах хэрэгтэй гэсэн үзэл бодол минь намайг зоригжуулсан. Аав минь ч байнга тэгж хэлдэг. Өдий наснаасаа аливаа зүйлийг дутуу хийж орхивол цаашид ч тийм төлөвшил суучих гэмтэй. Тиймээс “заавал ард нь гарна, эхлүүлсэн бол дуусгана” гэсэн бодол минь намайг үргэлж зоригжуулж байсан.




-Өөр ямар ном унших дуртай вэ?


-“Амжилтад хүрэх зам” гэх юм уу зөвлөгөөний номууд унших төдийлөн дургүй гэдгээ хэлсэн. Би Л.Толстойн “Анна Каренина”, М.Горькийн “Эх” зэрэг зохиолуудыг уншиж байсан. Мөн Алексей Толстойн зохиолуудад бас дуртай. Үлгэрийн номыг бага ангидаа л шимтэн уншдаг байлаа. Харин одоо тэдэн дундаас “Цуутын цагаагч гүү” хэмээх монгол ардын үлгэрт их дуртай.


-Тэгвэл “Оддын хан хөвгүүн” шиг сонирхлыг чинь татсан ном бий юу?


-“Дандины зохист аялгуун толь”-ийг сонирхон уншдаг. Гэхдээ өөрийгөө сайн боловсруулахгүй бол уншихад жаахан хэцүү юм билээ. Мөнхүү “Монгол хэлний үгийн гарлыг мөшгих нь”, Б.Ренчин гуайн хэлний толиудыг сонирхон судлах дуртай. Би бас 1300 онд хэвлэгдсэн Поппегийн “Мукаддимат ад” гэдэг араб-монгол-орос толийг шимтэн хардаг. 1300 онд тийм ном гарч байсныг харахаар эх орныхоо үүх түүхээр өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.


-Цаашид ном бичдэг, мөн орчуулдаг хүн болох уу?


-Сайн мэдэхгүй юм. Одоохон доо өөрийгөө боловсруулж, улам их хичээж суралцах нь зөв гэж боддог.


-Чи өөрийн гэсэн ном орчуулгын ном гаргачихсан, үлгэр жишээ мундаг сурагч шүү дээ. Үеийнхэндээ хандаж юу хэлмээр байна?


-Хүнд хэрэгтэй, хүнд тустай зүйлсийг хийгээрэй. 



Холбоотой мэдээ