“Нэхмэлийн шар”-ын 27 айл шинэ байранд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-02-25 17:45:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуучнаар “Нэхмэлийн” гэгддэг байрыг дахин барьснаар өнөөдөр 27 айлын иргэд байрныхаа түлхүүрийг гардан авлаа.

Нийслэл Улаанбаатар хотын захиргаанаас ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийг Хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны “Нэхмэлийн шар”-ын нийт 20 байрыг “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ын дагуу буулгаж, “Хан-Уул цогцолбор хотхон”-д эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгыг бариад байна. Тус байранд орсон иргэдэд түлхүүр гардуулах ёслол өнөөдөр болж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхан, барилгын гүйцэтгэгч “Фүжи констракшин” группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

“Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 234 байр, орон сууц байна гэсэн тооцоо бий. Энэ нь 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн оршин суух шаардлагыг хангахгүй орон сууцанд амьдарч байна гэсэн үг. Ийм барилгуудыг буулган шинээр барих төслийн ажил 40 гаруй хувьтай явагдаж байна. Төслийг үргэлжлүүлэхэд иргэдийн оролцоо их чухал. Оршин суугчид нэгдмэл санаа, бодолтой байж, хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, барилгын гүйцэтгэгч компани “Фүжи констракшин”-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ярилаа.

УИХ-аас 2015 онд батлан гаргасан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуультай холбогдуулан МХЕГ-аас орон даяар орон сууцнуудыг шалгаж, улсын хэмжээнд 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй буулгах буюу эрсдэлтэй байр гэсэн дүгнэлт гаргажээ. Эдгээр байраас Улаанбаатар хотод 138, Хан-Уул дүүрэгт 44 барилга байна. Тэр дундаа 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр, орон сууц байгаагаас 22-ыг нь өөрчилж шинээр барихаар болж, тендерт шалгарсан барилгын компаниуд ажлаа эхлээд байна. 

Холбоотой мэдээ