Японы сэтгүүлч Сирид хулгайлагдсаныг Токио нотолж чадахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-17 13:49:19

ТОКИО. /Koyodo/. Японы сэтгүүлч Зюмей Ясуда Сирид барьцаалагдсаныг Токиогийн эрх баригчид одоогоор нотолж чадахгүй байна.

“Түүний барьцаалагдсаныг бид нотолж чадахгүй байна. Энэ талаар бид мэдээлэл цуглуулж байна” гэж Японы Засгийн газар дахь эх сурвалж хэлжээ.

Сирид хулгайлагдсан байж магадгүй Зюмпей Ясудагийн дүрс бүхий бичлэг урьд нь интернэтэд гарсан юм. Дүрс бичлэгийг “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд нийтэлсэн бөгөөд уг бичлэгийг байрлуулсан хүн түүнийг хэт давруу үзэлтнүүдийн “Жебхат ан-Нусра” бүлэглэлээс авсан гэж ярьсан байна. Дүрс бичлэгт гарч буй эрэгтэй гэр бүлдээ хандан “би та бүхэндээ хайртай, та нартайгаа яримаар байна” гэж англиар хэлжээ. Үүнийг хэлэхээс өмнө тэрбээр өөрийг нь Зюмпей Ясуда гэдэг, гуравдугаар сарын 16-нд төрсөн гэж хэлсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Зюмпей Ясуда Сирид барьцаалагдсан тухай мэдээллийг нийтэлжээ.

Уг мэдээлэлд “Ясудаг барьцаалсан хүмүүс барьцааны мөнгө шаардаж байгаа” бөгөөд “түүнийг хөнөөнө эсвэл террорист бүлэглэлүүдэд өгнө гэж сүрдүүлж байна” гэж тэмдэглэсэн байна. Тус байгууллага мөн сэтгүүлчийг суллахад бололцоотой бүхнийг хийхийг Японы Засгийн газарт уриалжээ. Хэд хоногийн дараа “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага “хангалттай сайн шалгаагүй” гэдэг шалтгаанаар урьд хийсэн мэдээллээ няцаасан байна. Ясуда Туркээр дамжин Сирид очсон гэж Японы хэвлэлүүд урьд нь мэдээлсэн байна. Сирид очсон эхний өдөр түүнийг зэвсэглэсэн үл таних хүмүүс сэтгүүлчийг барьсан гэж хил давахад нь тусалсан хүн мэдээлжээ.

Ясуда урьд нь Иракт зэвсэгт босогчдод барьцаалагдаж байжээ. 2004 оны дөрөвдүгээр сард тэрбээр хүний эрхийн байгууллагын идэвхтэн Нобутака Ватанабэгийн хамт Багдад хотын дагуул Абу-Грейб хотод Америкийн сөнөсөн нисдэг тэрэгний зургийг авахаар ирсэн боловч лалын шашны хамгийн хэт давруу урсгалыг дагагчид болох ваххабитуудын зэвсэгт бүлэглэлд барьцаалагджээ. Тэд гурав хоног барьцаалагдсаныхаа дараа суллагдаж, эх орон руугаа буцсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ