БНХАУ-ын ЭСЯ-наас “Сүрьеэгүй Монгол” төсөлд 100 мянган юань хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-02-27 13:58:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаагийн хэрэгжүүлж буй “Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төсөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ өнөөдөр 100 мянган юань хандивлав. 

Дэлхийн миссийн тэмцээнд хүмүүнлэгийн үйлсээрээ "Шилдэг-20”-д шалгарсан тэрбээр энэхүү төслийг санаачлан, өнгөрсөн оны 10 дугаар сараас сайн дурын ажил явуулж байгаа юм. Тэрээр БНХАУ-ын тэргүүн хатагтай, ДЭМБ-ын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандан, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүсэн захидал илгээсэн аж. Тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй монгол" төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Хэдийгээр сүрьеэгийн эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85 хувийг амжилттай эмчилж байгаа боловч энэ өвчлөл аюулын харанга дэлдсээр байгаа юм. Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхидог байна. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насныхан эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт болоод байна.


Энэ үеэр мисс Э.Энхриймаа хандивын мөнгөөрөө Монгол Улсдаа сүрьеэ өвчнийг эсрэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэн шаардлагатай ажилд зарцуулж, эргэн тайлагнах болно гэдгээ хэллээ.

Түүний санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Монголын миссүүдтэй хамтран "Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаа хийж, нийтийн хүртээл болгожээ. Мөн “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гap зургийн уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж, шилдэг 5 зураач хүүхдийг шалгаруулснаас гадна бүтээлүүдээр нь цуврал үзэсгэлэн гаргажээ. Түүнчлэн ард иргэдийн дунд “100+ төгрөг" аян өрнүүлж, цуглуулсан мөнгөөр сүрьеэ өвчтэй  2500 хүнд хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэлийг ХӨСҮТ-д гардуулсан байна.

Манай улсын өмнө тулгамдаад байгаа сүрьеэгийн тархалтыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар ажиллаж буй мисс Э.Энхриймаа цаашид олон ажил хийхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ