Сирийн есөн суурин түр эвлэрэх гэрээнд нэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЙН-ЭЛЬБЕТ /Сири/. /TASS/. Сирийн Хама мужийн хүн амын есөн суурин үндэсний эвлэрлийн үйл явцад болон гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай Хама мужийн түр эвлэрэх үйл явцыг хариуцсан бүлгийн дарга, дэд хурандаа Герман Руденко мэдээлжээ.
Хама хотын зүүн захад оршдог Айн-Эльбет сууринд гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг сууринд Орос-Сирийн 10 тонн орчим хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ.
“Өнөөдөр болсон арга хэмжээнд омгийн тэргүүлэгчид, уугуул иргэдийн ахлагчид оролцож, нийтдээ 10 мянга орчим хүн амтай есөн суурин гал зогсоох дэглэмд нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа” гэж Руденко хэлсэн байна.
Овгийн ахлагч нар өөрсдийнх нь удирдлагад байдаг суурин газруудад төрийн эрх мэдлийг буцаан сэргээхийг зөвшөөрөн гарын үсэг зурцгаасан бөгөөд Сирийн Засгийн газарт энхийн хэлэлцээ хийхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээжээ.
“Хэлэлцээнд оролцогчид юунаас илүүтэй нийгмийн баталгааг эрх баригчдаас хүлээж байна. Тэдний дийлэнх нь ямар ч орлогогүй, эмнэлгийн тусламж авах боломжгүй байна. Тэд ахуйн нөхцөл болон дэд бүтцийг сэргээнэ хэмээн найдаж байна” гэж Оросын офицер онцлон хэлжээ.
Д.Жаргал